Энэ сарын 28-ний өдөр болох Дэлхийн хепатитын өдрийг угтан Оном сангаас авч хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах зорилготой "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах нь сэдэвт нээлттэй танилцуулга зохион байгууллаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндэс суурь болсон “Эрүүл элэг” хөтөлбөрийг Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбоо хамтран 2014 оноос санаачлан хэрэгжүүлж улмаар 2020 он гэхэд элэгний С вирусыг устгаж, халдварыг таслан зогсоох зорилтыг тавиад байгаа билээ.
Уг хөтөлбөр улс орон даяар амжилттай хэрэгжиж, дэлхийд манлайлсан жишиг хөтөлбөр болоод байгаа юм.
Оном сангийн харьяа Элэгний төв Америкийн Нэгдсэн Улсын Сейпхейд корпорацитай хамтран хөдөө орон нутагтаа дээж тээвэрлэхгүйгээр хепатитын вирусийн ачаалал тодорхойлох буюу РНХ/ДНХ тоолох тоон шинжилгээ хийдэг 50 ширхэг Cerhied GeneXpert нийт 2,8 орчим тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй системийг Монгол улсад нэвтрүүлэх гэж байгаа аж. Ингэснээр аймгийн төвд молекул биологийн нарийвчилсан тоон шинжилгээ нэвтрэхээс гадна уг систем нь овор багатай бүрэн автомат учир ажиллагаа хялбар, сумуудаар явж шинжилгээ хийх бүрэн боломжтой болох юм байна.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд эмийн үйлдвэрлэл, түгээлт, эрт илрүүлэлт, оношилгоог, биткойн, ейтер зэрэг криптовалютын суурь болдог блокчейн технологи хэрэглэн хянаж байгаа АНУ-ын Римеди компанитай хамтран Монгол улсад элэгний шинжилгээ, оношилгоо хийлгэсэн хүмүүсийг шат бүрт нь бүрэн хянах, мэдээлэл хамгийн аюулгүй, найдвартай хамгаалах шийдлийг туршилтын байдлаар хийж гүйцэтгэсэн байна. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн энэ технологийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх тал дээр цаашид идэвхтэй хамтран ажиллах аж.
Л.Сайнбаяр