Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар Бөмбөгөр сумын нутаг Сүүдэрт гэх газар 2017 онд нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан “Сайхан байгаль” ХХК-д хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад зөвшөөрөлгүй газар эзэмшиж кемп байгуулсан нь илэрсэн байна. Энэ хүрээнд Аймгийн Засаг даргын А/514 дэх захирамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 1/300 дугаар албан бичгийг танилцуулж талбай чөлөөлөх шаардлага хүргүүлжээ.
Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж буй “Вояжер менирал ресурсес” ХХК-ийн уурхайд Байгаль орчин, геологи, уул уурхай, зам тээвэр, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Улсын байцаагч нар хяналтын чиглэл тус бүрээр мэргэжил арга зүйн зөвлөгөө, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан байна.
Түүнчлэн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхэлж байгаа “Хишигт Хөндий” ХХК-ийн уурхайд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилтэй холбогдуулан үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
Б.Цэрэнлхам