Монгол Улсын Их Хурлын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг.
Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр АНУ-ын Конгрессийн Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Намын гишүүн Тэд Ёохо, Дайна Тайтус нар "Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль"-ийн төсөлд санаачлагчаар гарын үсэг зурлаа. Үүнийг маргааш өргөн барина хэмээн Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё. Отгонбаяр ярьлаа.
Б.Цэрэнлхам