Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд мөрдөн шалгасан хэргийн талаар товч мэдээлэл өгсөн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-АТГ-аас хоёр ч Ерөнхий сайдыг цагдан хорьсон. Хэсэг хугацааны дараа сулласан, энэ хугацаанд хэдэн удаа байцаасан бэ?
-Тусгайлан шалгах ажиллагаа хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд гадуур байцаахаар болсон. Хязгаарлалт тогтоож, хилээр гарахыг нь хориглоод байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг хязгаарлалт тогтоон мөрдөн шалгаж байгаа. Хэдэн удаа байцаасан эсэх талаар нарийн мэдээллийг өгөх боломжгүй.
-АТГ-ын дарга Ерөнхий сайд асан С.Баярыг өрөөндөө дуудаж уулзсан. Энэ талаар ярихгүй юу?
-АТГ-ын дарга хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг шалгах эрхтэй. Прокурорын бичгийн дагуу түүний хяналтан дор АТГ дарга уулзсан. Яллагдагчийн хувьд тодорхой асуудалд хяналт тавих хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шийдвэрүүдийг гаргаж уулздаг, хариу тайлбар өгдөг. Энэ дагуу уулзсан. Өөр шалтгаан байхгүй.
-Ерөнхий сайдын туслах байсан, одоо МИАТ компанийн дэд захирал н.Энхбаатарыг саатуулан шалгаж байгаа гэсэн. Ерөнхий сайд АТГ-ын даргатай уулзан ажлаа өгөхийг шаардсанаас болоод хамаарал бүхий этгээдийг нь шалгаж эхэллээ гэх мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Улс төрийн зорилготой харагдаад байна л даа?
-Ерөнхий сайдтай АТГ-ын дарга уулзсан асуудлыг бид мэдэхгүй. Тус газрын мөрдөн шалгах ажиллагаа дээр шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх хориотой. Нам, улс төрийн захиалгаар хэн нэгнийг хамруулж шалгасан зүйл байхгүй. Үндэслэл бүхий мэдээлэл ирдэг, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүй манайх нэг ч хэрэг шалгадаггүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас бид мэдээлэл өгөх боломжгүй. Тэр хүний өмнө нь хийж байсан ажилтай хамаагүй. Нэгэнт прокурор шийдсэн, дахин шалгах шийдвэр гаргасан бол мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой. Түүнээс прокурорын зөвшөөрөлгүй шалгах эрх бидэнд байхгүй. Бид санаачлагаараа шууд ямар нэгэн хэргийг тогтоогоод зөвшөөрөлгүйгээр шалгадаггүй.
-Томоохон хэргүүд яагаад гацаад байна. АТГ шалгаж байгаа л гэх юм. Үр дүн хаана байна вэ?
-АТГ нийтийн албанд нэр дэвшиж байгаа хүмүүсийн нийтийн ашиг сонирхлын зөрчлийг хянадаг. Зарим албан тушаалтан дээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж бид томилох албан тушаалтанд мэдэгдэж байсан. Томоохон хэрэг замрхаад шийдэхгүй байна гэдэг асуудлыг бид хүлээн зөвшөөрнө. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шийдэгддэг зүйл биш. Албан тушаалтай байхдаа гол нотлох баримтаа устгах гээд асуудал гардаг. Түүнийг дахин цуглуулах гээд нэлээд хугацаа шаарддаг ажил. Улсын хэмжээнд 27-28 байцаагч мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Нэг байцаагч 20 гаруй хэрэг дээр ажиллаж байна.