Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбогдох асуудлын талаар Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Төрийн өмчит цэцэрлэгийн бүртгэл хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр явагдахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.
-Энэ жил цэцэрлэгийн насны хичнээн хүүхэд байгаагаас хэд нь Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах боломжтой байгаа вэ?
-2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор сургуулийн өмнөх насны 146 мянга орчим хүүхэд байна гэсэн тооцоо байна. Үүнээс 114 мянга орчим хүүхэд нь Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл Нийслэлийн хэмжээнд 100 хүүхдийн 78 нь Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдаж байна гэсэн үг юм.
-Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдэд ямар зохицуулалт хийх вэ?
-Одоогоор хүүхэд харах 143 үйлчилгээний төв байдаг. Үүнд 2106 хүүхэд хамрагдах боломжтой ба хүүхдийг харах, асрах үйлчилгээ үзүүлэх юм.
-Улсын төсвөөс нийт хичнээн цэцэрлэг нэмж барихаар төсөвлөсөн вэ?
- Энэ жил 52 цэцэрлэгийн өргөтгөл баригдахаар төсөвлөгдсөн байгаа. Эдгээр нь 2018 болон 2019 онуудад ашиглалтанд орно. Гэхдээ ихэнх цэцэрлэгүүдийн өргөтгөл ирэх намар ашиглалтад орохоор төсөвлөгдсөн байна.
-Бүртгэл хэрхэн явагдах вэ?
-Бүртгэл хоёр үе шаттайгаар явагдана. Цэцэрлэгтээ бүртгэл болон элсэлт гэж байгаа.
-Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхэд бүр цэцэрлэгтээ орчихлоо гэж ойлгох уу?
-Энэ нь дээр дурдсанчлан хоёр үе шатаар явагдахдаа эхлээд бүртгүүлнэ. Үүнд хүүхэд бүр бүртгүүлэх боломжтой. Хамгийн гол нь эдгээр бүртгүүлсэн хүүхдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлж авах юм.
-Системийн алдаа гарах тохиолдол бий юу, хэр найдвартай вэ?
-Элсэлтийн бүх програмын код болон үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, шалгадаг.
-Төрийн өмчит цэцэрлэгүүдийн элсэлт хэзээ эхлэх вэ?
-Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-аас ирэх сарын 23-ныг хүртэл явагдана. Харин элсэлт нь ирэх сарын 24-өөс эхлэх юм.
-Хүүхдээ цэцэрлэгт элсэж орсон эсэхийг эцэг, эхчүүд хэрхэн мэдэх вэ?
-Цахимаар бүртгүүлэхдээ эцэг, эхчүүд утаны дугаараа үлдээдэг. Тиймээс утасны дугаарт нь мессеж хэлбэрээр илгээх болон тухайн цэцэрлэгүүд цахим хаягтаа мэдээллээ байршуулна.
Б.Цэрэнлхам