Иргэн Л.Баасанноров цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэлээ. Тэрбээр нийгмийн хариуцлагаа дээдлэн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлж, иргэдийн амар тайван байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.
Л.Баасаноров хэлэхдээ “Урин дулааны цагт иргэд гол, усанд эндэх тохиолдлууд гарч байгаад санаа зовж, өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээсэн. Цагдаагийн алба хаагчид маань энэ завийг ашиглан голын урсгал дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэвэл тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр болно гэж бодсон” гэжээ.
Он гарсаар долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
Иймд иргэд та бүхнийг бороотой, гол мөрний усны төвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.