Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уралдааны 25 км зайд хэд, хэдэн камер суурилуулахаар болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд камер суурилуулж шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаад энэ жилийн наадмаас эхлэн ашиглахаар болсон байна.
“Санаатай болон санамсаргүй байдлаар унаач хүүхдүүд нэгнээ унагаах явдал гардаг тул үүнийг хянах үүднээс камер суурилуулаад байна. Мөн дагадаг машины тоог ч бууруулж байгаа. Энэ жил хурдан морины уралдааны зохион байгуулах хороо, хүн болон мал эмнэлэг, хэвлэл мэдээллийн байгууллага нийлээд найман машин л дагана. Өөр машин дагахгүй. Цагдаагийн байгууллагын шаардлагыг зөрчиж хууль бусаар дагавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж ЦЕГ-ын Нийтийн хэв журам, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан ярилаа.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан энэ сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлнэ. Харин 11-ний өдөр азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд Уяачдын наадмаар эрлийз морьд гурван насны ангиллаар уралдахаар болжээ. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины салбар комисс энэ жил азарга, соёолонг 23 км, их насыг 25 км, хязааланг 17 км, шүдлэнг 14 км, дааган насыг 12 км-ээс уралдахаар болсон байна.