Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг ойртуулах, ажлын цагаар авч амжихгүй байгаа үйлчилгээгээ ажилдаа явах замдаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Өглөөний гудамж” нээлтээ хийлээ.
Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад зогсохгүй эрт босох дадлыг төлөвшүүлэх зорилготой аж.
Өдөрлөгөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлж байна.
Мөн оюуны тоглоом болон шатар даам, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн хийж, “Өглөөний гудамж”-ийн нээлтэд ирсэн иргэдэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан юм.
“Өглөөний гудамж” төсөл есдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдэд амарна.
Б.Цэрэнлхам