“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэ талаар Нийслэлийн соёл, урлагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан захирамжийн дагуу зохиогдож байгаа “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжан Уйгарын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сайхагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй төлөөлөгч, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцох аж.
Мөн энэ хүрээнд Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл- Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн хуалдаа болон уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт явагдахаар болжээ.
“Дэлхий дахин даяаршиж, олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах нь Монгол туургатны хэн бүхний үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион явуулж байна” хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр онцолж байлаа.
“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-ны өдрөөс 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Б.Цэрэнлхам