Өнгийн цэцгэс адил гоёсон хүүхэд багачуудын инээд хөөр шинэ цагийн Монгол Улсын дөрвөн зүг найман зовхистод цалгисаар. Тэдэн дээр өнгө нэмж, “Монголын цахилгаан холбоо” компани ажилтан, албан хаагчдынхаа бяцхан үрсийг баярлууллаа. Олон зуун ажиллагсадтай, ам бүл өнөр өтгөн энэ хамт олон жил бүрийн зургадугаар сарын 1-нд ‘’Эх үрсийн баяр’’-ын өдрийг жил бүр өргөнөөр тэмдэглэж ажилтан, ажиллагсад, ээжүүд болон, тэднийхээ хүүхэд багачуудыг баярлуулдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жилийн тухайд улсын хэмжээний нийт цэг салбарынхаа ажиллагсдын найман зуу гаруй хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, нийслэл Улаанбаатар хотын гурван зуу гаруй хүүхдийг хүлээн авч Улсын драмын эрдмийн театрт хүүхэлдэйн жүжиг үзүүлж, боловсрол, эрдэм мэдлэгт нь оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Хүүхдийн баярын арга хэмжээг компаний марктингийн албаны дарга Ж.Энэбиш нээж, Монгол Улсын ирээдүй болсон бяцхан үрсдээ эрүүл энх, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, аав ээжийнхээ ачлал буяныг санаж, эцэг эх, эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг ерөөсөн. Дашрамд өгүүлэхэд, Монголын цахилгаан холбоо” компани ажиллагсдын хүүхдүүдээс сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан Шилдэг таван сурагчийг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан нь багачуудыг урмаар тэтгэсэн үйл явдал болсон юм.
Мөн Хүүхдийн баярыг угтаж манай компани “Бүх хайраа алаг үрсдээ” фото зургийн уралдааныг 0-18 насны хүүхдүүдийн дунд фэйсбүүк пэйж хуудсаараа зарлан таван азтан тодруулан шагнаж урамшууллаа.