Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулснаар хотын агаарын бохирдол багасна гэж ярьсаар ирсэн. Өмнөх засаглалын үед уг ажил эхэлсэн ч амжилттай хэрэгжиж чадаагүй. Мөн түрээсийн орон сууц барих асуудал ч яригдсаар байгаа. Тэгвэл Улаанбаатар хотод энэ жил дөрвөн байршилд түрээсийн орон сууцны барилга барихаар төлөвлөж, энэ сард багтаан ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Б.Сүхбаатар дараахь хариултыг өгсөн байна. Тэрбээр "Байршлын хувьд “Буянт- Ухаа” спорт цогцолбор орчимд 2.2 га газарт 960, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд таван га газарт 1006, Баянголын аманд 2000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ. Дөрөв дэх нь Сүхбаатар дүүргийн VII хороо буюу Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барих гэж байна. Энэ орон сууцны тухайд БНХАУ- ын буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжих бөгөөд урд хөршийн Бугат хотынхон барьж гүйцэтгэхээр болсон. Эдгээр ажлыг бүгдийг нь эхлүүлэхээр ажиллаж байна" хэмээжээ.
Дээрх ажил хэрэгжсэнээр таван мянга орчим өрх орон сууцтай болох тооцоо байна. Харин газар чөлөөлөх асуудал нэлээд асуудал дагуулдаг. Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд ямар нэгэн саадгүй гэдгийг онцолжээ.