Чөлөөт бөхийн дэлхийн хүрэл, олимпийн мөнгөн медальт, Үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Ж.Мөнхбат 76 насандаа өвчний улмаас таалал төгслөө.
Жигжидийн Мөнхбат нь 1941 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Хадан хошуу” гэдэг газар төржээ. 1961 оны улсын баяр наадмын өмнөхөн зохиогдсон бүх ард түмний анхдугаар спартикиадын шилдэг 28 бөхийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдсэн амжилтаар заан цол олгон, улсын их баяр наадамд заан цолтой оролцож эхэлсэн юм.
Үндэсний их баяр наадамд тэрээр 1963-1967 онд завсаргүй таван удаа түрүүлж дархан аварга болж байсан түүхтэй. Хамгийн сүүлд төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ 2006 онд зодоглож хоёрын даваанд улсын начин Б.Бадам-Очирт өвдөг шороодож байсан түүхтэй.
Чөлөөт бөхийн спорт 1958 оноос хөгжиж эхлэхэд Ж.Мөнхбат дэлхийн аваргын дэвжээнээс Монгол Улсын анхны медалийг авчирч байсан түүхтэй. Тэрээр 1967 онд Энэтхэгийн Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ийн 87 кг жинд хүрэл медалийн төлөө Болгарын бөх Продан Гаржевыг ялж хүрэл медалийн эзэн болж байсан юм. Энэ амжилтыг нь харгалзан Монгол Улсын гавьяат тамирчин цолыг тэр жилд нь гардуулж байжээ. Улмаар дараа жил нь Мексикт болсон 19 дэх удаагийн зуны олимпоос мөн жиндээ мөнгөн медалийн эзэн болж байжээ. Үндэсний бөх болон чөлөөт бөхийн спортод гаргасан бахдам амжилтыг нь үнэлэн Ж.Мөнхбатад 1991 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгож байсан юм.
Тэрээр АИХ-ын депутат байсан бөгөөд Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлалцахад хувь нэмрээ оруулсан билээ.
Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт. Ж.Мөнхбат энэ цагийн харьшгүй хүчтэн байсан юм.
Гүндүүгүй, элдэв маяггүй зан нь Мөеө аваргын тодотгол мэт. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан эх орон, ижий аавын бахархалт хүү бурханы оронд заларлаа.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний олон мянган шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
Сэтгэгдэл (5)