Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер 2018” тэмцээн энэ сарын 22-ны өдөр “CORPORATE CONVENTION” төвд болохоор товюлогджээ. Өглөөний 09 цагаас эхлэн бүтэн 12 цагийн турш үргэлжлэх энэ жилийн улсын аваргын тэмцээн бодибилдинг (60, 65, 70, -75, +75кг), ахмад (40-өөс дээш нас, -75, +75кг), залуучууд (21 нас хүртэлх, жингийн ангилалгүй), классик бодибилдинг (171 см /+2/, 175 см /+4 кг/), мөн фитнесс мистер, менсфизик (174 см-ээс дээш, 174 см-ээс доош), атлетик фитнесс, боди фитнесс мисс, бикини (163 см-ээс дээш, 163 см-ээс доош), мисс фитнесс, хүүхдийн фитнесс охидын (7 хүртэлх, 8-9, 10-11, 12-13, 14-15нас), хөвгүүдийн (8-10 , 10-12, 13-15 нас) гэсэн ангиллуудаар явагдах юм.
Түүнчлэн энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад зохиогдохоор бэлтгэл ажил нь хэдийнэ эхэлсэн бөгөөд Улсын аварга шалгаруулах дээрх тэмцээн нь Ази тивийн аварга шалгаруулалтаас ердөө 7-хон хоногийн өмнө болох гэж буйгаараа онцлог аж. Нөгөөтэйгүүр анх удаа хүүхдийн фитнесс ангилал нэмэгдэн орсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээний эхний зургаан байрын амжилт үзүүлсэн тамирчид л Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах тул “Монголын мистер 2018” нь тамирчдын хувьд өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй, өндөр хариуцлага бүхий шат болж байна. Тэмцээнийг “Хорхон фарм” компани ивээн тэтгэж буй агаад тэмцээний үеэр тус компанийн болон Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гишүүн клубүүд, уураг витамин борлуулагч компаниудын үзэсгэлэн худалдаа явагдах гэнэ. Тэр болгон хүний биед нэн чухал уураг, витаминуудын талаархи мэдээллийг авч чаддаггүй хүмүүст энэхүү танилцуулга, мэдээлэл нь нэн чухал болов уу. Мөн нэг дороос худалдан авалтаа хийж, мэдээлллээ бүрэн авах боломжтой болж байна.
Үүнээс гадна ивээн тэтгэгч "Хорхон фарм" компани нь өөрийн "SUPER GUT" хэмээх шилдэг бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны нүүр царай болох тамирчинг улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон авч, хамтран ажиллах гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь энэ спортын хөгжлийн явц дахь анхны тохиолдол болж буй юм.