Монголын хоккейн шигшээ баг Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, анх удаагаа Ази тивийн аварга болж, алтан медаль хүртлээ. ОУХМ А.Мэргэн дасгалжуулагчтай баг тамирчид ийнхүү анх удаа ази тивийг аваргалж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нэмсэн байна.
Тодруулбал, Филлипиний Манила хотноо Азийн хоккейн холбооны "Asian chаllenge cup-2018" тэмцээнд Монголын хоккейчид Тайландын багийг 5:1 харьцаатай хожиж дөрвөн тоглолтонд гурав хожиж есөн оноотойгоор тэмцээний тэргүүн байрт бичигдлээ. Тус тэмцээнд Филлипин, Сингапур, Кувейт ,Тайланд, Монгол Улсын нийт 5 баг оролцсон юм.
Монголын хоккейчид эхний тоглолтоо Сингапур улсын шигшээ багийг 5:3 хожиж, Кувейт улсын шигшээг 11:2 хожсон. Харин гурав дахь тоглолтоо талбайн эзэн Филлипинтэй хийж 6:5 хожигдсоноор зургаан оноотой болсон. Мөсөн талбай дахь сүүлийн тоглолтоо Тайланд улсын шигшээ багтай тоглож 5:1 буюу дөрвөн гоолын илүүгээр хожиж есөн оноотой болж тэргүүн байрт шалгарсан байна.
Монголын баг энэ тэмцээнээс дөрвөн удаа хүрэл медаль хүртэж байсан юм байна. Харин өнгөрсөн жил медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ийнхүү алтан медалийн эзэн болжээ.