Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, цагдаагийн байгууллагаас иргэдэд шуурхай үйлчлэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ, ЗДТГ, Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс өнөөдөр Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой 17 автомашиныг өгсөн.
Эдгээр машиныг эргүүлийн шуурхай албанд зориулан олгож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс 3 шинэ автомашинаа хүлээн авлаа.
Баянзүрх дүүргийн хувьд хүн амийн төвлөрөл ихтэй бөгөөд тус дүүрэгт Нарантуул ОУХТ, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр, Да хүрээ зэрэг авто худалдааны захууд байрладагтай холбоотойгоор гэмт хэрэг, хэрэг зөрчлийн гаралт өндөр байдаг гэнэ. Нэг автомашинд ноогдох ачаалал нь зарим дүүргийн нэг хэлтсийн ачаалалтай дүйцэх түвшинд хүрэх тохиолдол гардаг гэдгийг Цагдаагийн хэлтсийн удирдлагууд яриандаа дурьдаж байлаа.
Тус дүүргийн Цагдаагийн 3 хэлтэст автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Галцог нар оролцлоо.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав: "Дүүргийн цагдаагийн хэлтсийн тухайд бид ачаалал ихтэй ажилладаг . Цагдаагийн 3 хэлтэс тус бүрийн албан хаагчдын хэрэгцээнд бүрэн тоноглогдсон автомашиныг хүлэээн авч байгаадаа бид баяртай байна. Манай дүүргийн хувьд гэр хороолол ихтэй, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг төв олонтой, төвлөрсөн зах, худалдааны төвүүд байрладаг, хүн амийн хөдөлгөөний шилжилт өндөртэй гэх зэрэг онцлогтой. Үүнийг дагалдаад хэрэг зөрчлийн дуудлага, гэмт хэрэг их гардаг. Цагдаагийн нэг хэлтсийн хувьд хоногт 120-140 дуудлага, гурван хэлтсийн хувьд 300-400 дуудлага хүлээн авч, тэр бүхэнд хүрч ажиллахын тулд хөдөлгөөнт эргүүлийн машинуудаас гадна жижүүрийн, эрүүлжүүлэхийн машинаа хүртэл дайчилан ажилладаг байсан. Харин одоо хэлтэс тус бүрд нэг бүрэн тоноглогдсон шинэ машинтай болж байгаа биднийг дуудлага бүрт түргэн шуурхай хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлж байна. Манай хэлтсийн хамт олон талархалтайгаар хүлээн авч байгаа. Машин олгосон НИТХ, Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.
НИТХ-ын ХМОНХТ