Н.Энхбаярын шүүх хурал яг одоо завсарлаад байна. Хуралд дуудсан гэрч нараас ганц УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил ирээд байна. Уг нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарэнгэрэл энэ хуралд гэрчээр Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б. Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү нарыг оролцуулахыг хүссэн. Ялангуяа Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцыг заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэрбээр "Д.Чойжамц хамба бол “TВ9” телевизийн асуудалтай хамгийн их холбоотой хүн. Түүнийг АТГ-ынхан айлган сүрдүүлж байж хоёр удаа хүчээр мэдүүлэг авсан байдаг. Тиймээс хавтаст хэрэгт орсон Д.Чойжамцын мэдүүлэг хангалтгүй” гэлээ. Харин үүний хариуд улсын яллагч Ё.Сагсай “Гэрч, шинжээч нараас мэдүүлэг авсан. Тэр нь хавтаст хэрэгт бүрэн байгаа. Харин шаардлагатай бол гэрчүүдийг нэг нэгээр нь дуудаж байцаалт авч болно” гэв. Мөн Х.Болормаа, Ц.Батбаяр, Х.Наранхүү нарын гурван гэрчид мөрдөн байцаалтын явцад хэрэг үүсгэн, тусгаарлан шалгахаар болсон тул энэ шүүх хуралд дуудах шаардлагагүй гэж үзэж байгаагаа шүүх бүрэлдэхүүн мэдэгдлээ.