Тавантолгойн гэрээг үзэглэх асуудал өнгөрсөн оны сүүлээр дэгдэж, дуулиан тарьсан. Засгийн газраас Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулж удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ч үүнийг эсэргүүцэх гишүүд болоод нам эвслүүд олон байгаа юм. Монголыг 100 жил тэжээх ордыг маш муу хувилбараар өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн байдлаар гэрээг үзэглэх гэж байгаа тухай дуулиан ч хөвөрч байгаа юм. Харин эрх баригчид Тавантолгойн гэрээг монголд ашигтай хувилбараар хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа бол Ардчилсан намаас хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, МАН-ынхан тавантолгойн гэрээг Ч.Сайханбилэг нарын оруулж ирсэн гэрээний хувилбараас ч муу байдлаар хийх гэж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн Тавантолгойн гэрээг үзэглэх бол ард түмнээс асуух ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаарх намуудын эсрэг, тэсрэг байр суурийг "24 VS 24" буландаа онцолж байна.
АН: Тавантолгойн 49 хувийг 400 сая амдоллараар зарах гээд байна
Ардчилсан намын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, "МАН шинэ жилийн үеэр Тавантолгойн гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна гэв.
Тэрбээр Тавантолгойн гэрээний талаар "Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойн гэрээг хуучин явж байсан хамгийн муу хувилбараар шийдэх гэж байна. Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна" хэмээсэн.
Мөн "Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Энэ бол MCS-ийн бүтээсэн баялаг биш, ард түмний мэдэлд байх ёстой баялаг. Тиймээс учраас Засгийн газар Тавантолгой дээр ХК байгуулаад 80 хувийг нь Засгийн газрын мэдэлдээ 20 хувийг нь ард түмэндээ өгөхөөр шийдсэн. Гэтэл МАН-ынхан ард түмний өмчийг эздээс нь асуухгүйгээр шийдэх гэж байгааг бид эсэргүүцэж байгаа юм. Өнөөдөр Засгийн газар Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. Энэ ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам. Монголын тал ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр төмөр зам барих боломжгүй. Тиймээс хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтаа авдаг болохоос байгаа баялагаа хэн дуртайд нь өгчихдөг зүйл байж болохгүй.
Өнөөдөр ард түмэнд Тавантолгойн хувьцаа байгаа. Тиймээс Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуух ёстой. Үүнийг ч хуульчлаад өгсөн. Хэрэв надаас асуухгүйгээр зарвал би шүүхдэнэ. Үүнийгээ ч би албан ёсоор мэдэгдэж байна. Мөн хувьцаатай олон хүн шүүхдэх байх гэж бодож байна.
|
МАН: Тавантолгойн 49 хувийг 400 сая амдоллараар зарах гээгүй
МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, Тавантолгойн гэрээг хэрхэн хийх гэж байгаа талаар Засгийн газраас авсан гэх мэдээллээ хүргэсэн билээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "МАН өнөөдөр Засгийн газраас Тавантолгойтой асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг Тавантолгойн 49 хувийг 400 сая амдоллараар зарах гээд байгаа юм уу, энд Засгийн газар ямар байр суурьтай байгаа, энэ төсөл хөтөлбөр бэлэн болчихсон үзэглэх гээд байгаа юм уу гэдэг асуудлыг асууж тодруулсан.
Энэ талаар Ерөнхий сайд, Уул уурхайн сайдын зүгээс Тавантолгойн төсөл өнөөдөр зөвхөн эхлэлийн шатандаа л явж байгаа" гэсэн гэв. Мөн Засгийн газрын зүгээс "Гадна дотны компаниуддаа зөвхөн саналаа л өгчихсөн, өөрсдийн санал, нөхцлөө хэлж, илэрхийлж байна.
Түүнээс биш өнөөдрийн хэвлэлд гараад байгаа шиг 49 хувийг 400 сая доллараар зарах гээд байгаа зүйл огт байхгүй, эцсийн байдаар 66 хувь нь ММС, 34 хувь нь Засгийн газар, 49 хувь нь Шиньхуа байна гээд тохиролцоод гэрээ хэлэлцээр хийж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Мөн 49/51 гэдэг бол зөвхөн Засгийн газрын түвшинд яригдаж байгаа нэг л хувилбар.
Бид аль болох маш олон хувилбарыг сонгож байгаа хамгийн үр ашигтай гэж үзсэн хувилбарыг сонгож Тавантолгойн төсөлд оролцох компаниудтай уулзаж гэрээ хэлэлцэл хийхээ шийдэж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлнэ" гэдгийг хэлсэн хэмээн Тавантолгойн гэрээний талаарх байр сууриа илэрхийлсэн юм. |
24tsag.mn
Сэтгэгдэл (10)