Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар хаврын урь орж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцлээ.
Мөн авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг хугацаанд нь эхлүүлэх, цаг үеийн тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж, ахиц дэвшил гаргаж ажиллахыг үүрэг болгов.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжлээд, ЗТЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, үр дүнтэй ажиллахыг анхаарууллаа.
Шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг шуурхай эхлэх, удаашралтай байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллахыг үүрэгдэв.
- Засгийн газрын хуралдаанаас гаргасан төмөр замын төрийн өмчит компаниудыг нэгтгэх шийдвэрийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-иудын удирдлагуудад 2024 оны ажлын тайлантай танилцаж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Ингэхдээ 2024 оны санхүүгийн тайлан тооцоо, худалдан авах ажиллагаа, гадаад томилолт, шагнал гардуулсан үндэслэл, шатахууны тооцоо зэрэг олон чиглэлд шалгана. Холбогдох хуулийн хэрэгжилтийг ЗТЯ-ны Хуулийн хэлтэс хариуцаж ажиллана гэв.
- Мөн цаг агаар дулаарч, газрын хөрс гэсэж, автозамын ачаа даах чадвар буурч байгаатай холбогдуулан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох, зохих норм дүрэм, стандарт шаардлагыг хангаж, хяналт тавьж ажиллахыг “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн даргад үүрэг болгов. Бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, ажлын тайлан мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэж ажиллахыг санууллаа.
- Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа билээ. Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд агаарын тээврийн салбарт жуулчдыг татах, олон улсын зорчигч тээврийг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тизний үнийг бууруулах зэрэг асуудлыг судалж, нисэхийн байгууллагууд ажлаа аялал жуулчлалын улиралтай уялдуулж ажиллахыг даалгав.