2020 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж өвдөг шороодоод, сонгуулийн тогтолцооны сиймхийгээр овжин гүйж, намынхаа жагсаалтын 13-т бичигдэн парламентын босгыг давсан Г.Очирбатаас илүү "Өд" ариун цэврийн цаас, "Тоди" живхийг ард түмэн таньж магад.
Уг нь ариун цэврийн цаас, живх л зах зээлд нийлүүлдэг тоодгор бор хүү хэмээн боддог байтал 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 126 дотроо хөрөнгөөрөө толгой цохих чинээлэг нэгэн байв. Бас болоогүй, уул уурхайн бизнесээ "цаас, живх"-ээр халхавчилдаг байжээ.
УИХ-ын гишүүн Г.Очирбатын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Цагаан цахир гол” ХХК нь Хятадын “Зө-Юүе” ХХК-тай хамтран Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байх MV-0173540 дугаартай Майхан толгой болон MV-021868 дугаартай Баруун гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг тус тус эзэмшдэг. Харин “Зө-Юүе” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байх MV-010085 дугаартай Хар төмөртэй гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг.
Ноцтой нь, дээрх ордууд нь стратегийн ордын жагсаалтад бүртгэх 39 ордын нэг буюу “Монголросцветмет” ТӨХК-ийн "Баргилт орд"-той хил залгаа байрлаж байна. Төр нь дээгүүрээ стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор хэлэлцээрт орохоор өдөр шөнөгүй ажиллаж байхад төр түшилцсэн Г.Очирбат мэтийн гишүүд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалан УИХ-д суудаг байж таарах уу.
Тэрбээр саяхан УИХ-ын чуулганы үеэр АН-ын сайд нараа өмөөрч, МАН-ын гишүүдийг хумсаа нуусан муур шиг баймааргүй байна гэж байв.
Гэтэл Г.Очирбат "өөрөө төрийн доторх хумсаа нуусан муур" байсан бололтой.
Нэг ёсондоо тэрбээр "Монгол Улсад улстөржилт хэтэрхий их, жил бүр төсвөө нэмэгдүүлдэг. Бүх зүйлийг төрийн оролцоотой болгох гэж дайрч байгаа. Яг үнэндээ 4800 орчим компанийг л төр дэмждэг. Манай улсад бүртгэлтэй 250 орчим мянган компаниас 90 гаруй мянга нь үйл ажиллагаагаа дөнгөн данган авч явдаг. 50 орчим мянга нь татвар төлөөд явж байгаа. Төртэй холбоотой, эрх мэдэлтэн, албан тушаалтантай хамаарал бүхий компаниуд тендер авдаг" гэж хэлэх эрхтэй хүн мөн үү.
Лиценз дээр таллаж суучихаад төрийн явуулах үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж байх уу.
Сэтгэгдэл (3)