АНУ-ын Техас мужийн баруун хэсэгт гоц халдварт улаанбурхан өвчний вирусийн дэгдэлт хүндэрч хоёр дахь хүүхэд нас баржээ. Нас барсан хоёр хүүхэд сургуулийн насны, вакцинд хамрагдаагүй, эрүүл мэндийн ямар ч эмгэггүй, улаанбурхан өвчний хүндрэлтэй гэх оношоор эмнэлэгт хэвтэж байсан гэж тус мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Олны эсэргүүцэлтэй тулгарсан АНУ-ын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Роберт Ф Кеннеди уг үйл явдалтай холбогдуулан ням гарагт Техас мужид айлчилсан нь сүүлийн долоо хоногт гурав дахь нь болж байна.
Баасан гаргийн байдлаар АНУ-ын өмнөд мужид улаанбурхан өвчний 480 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь огцом өссөн үзүүлэлт юм. Дэгдэлт хөрш зэргэлдээ мужуудад тархаж байна.
АНУ 2000 онд улаанбурхан өвчнийг бүрэн устгасан гэж зарласан. Гэвч тэр цагаас хойш хүмүүс шинэ төрсөн нярайдаа вакцин хийлгэхгүй байх хандлага нэмэгдсэнээр дэгдэлт дахин гарсан гэж албаныхан үзэж байна.
Дархлаажуулалтын хоёр тарилга нь аюулгүй нь батлагдсан, вирусээс урьдчилан сэргийлэх, хүнд халдварыг бууруулахад 97 хувь үр дүнтэй байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүргийн дархлааг бий болгохын тулд хүн амын 95 орчим хувь нь өвчний эсрэг дархлаатай, тархалтыг хязгаарлаж, вакцинд хамрагдсан байх ёстой ажээ.
Л.Баяр