Үндэсний шигшээ багийн албаны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.
-Та Үндэсний шигшээ багийн албаны дарга болоод удаагүй байна. Ажлаа юунаас эхлэв?
-Би ажлаа аваад дөнгөж долоо хонож байна. Энэ хугацаанд “Рио-2016” олимпийн наадамд оролцсон шигшээ багийн тайланг сонсч, дүгнэлт хийж байна.
-Өвөрмонголын шигшээ багтай хийсэн гэрээгээ дуусгачихсан юм уу?
-Дуусаагүй. “Лондон-2012” олимпийн наадмын дараа жүдо бөхийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы жүдо бөхийн шигшээ багт дөрвөн жил ажиллах санал хүлээн авсан. Тэнд гурван жил ажиллажээ. Миний урд хөршид хийсэн гэрээ ирэх жил дуусах байсан ч Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн удирдлагууд надад Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллах санал тавьсан юм. Тэд хэлэхдээ “Та сургалт дасгалжуулалтын арга чиглэлд илүү туршлагатай хүн, улсын нэр хүндтэй цол авсан, түүнийгээ амжилт нь буураад буй зарим спортын төрлүүдийг сайжруулж улсдаа хариу барих ёстой" хэмээн энэ албанд томилсон.
-Одоо шигшээ багт спортын 17 төрөлд дасгалжуулагч, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд оролцож байгаа. Та ирэх дөрвөн жилд шигшээ багт спортын ямар шинэ төрлийг бодлогоор дэмжих вэ?
-Олимпод амжилт гаргах төрлийг илүү дэмжих ёстой юм. Гэхдээ бусад спортын төрлийг орхино гэсэн үг биш. “Рио-2016”-гийн өмнө манайхан олимпод өмнө нь байгаагүй 43 тамирчин орлоо гээд ярина билээ. Олимпод олуулаа оролцох нь сайн хэрэг л дээ. Гэхдээ тамирчдын тоонд биш, чанарт илүү анхаарах нь чухал. Би энэ зарчмыг барьж ажиллана. Бид спортын салбартаа дэлхийн хэмжээний бодлого боловсруулан ажиллах хэрэгтэйг сүүлийн олимпийн наадмын ялалт, ялагдал бидэнд харууллаа. Одоо бол олимп, ДАШТ-д медаль хүртэх магадлалтай спортын төрлүүдийг бодлогоор дэмжинэ. Түүнээс биш олимпийн наадамд оролцох эрх авсан хүн бүрийг оруулах нь зохисгүй бодлого гэж үзэж байна. Нэг жишээ дурдахад, саяын олимпод Хойд Солонгосын шигшээ баг 30 гаруй тамирчинтай Риод оролцоход 7-8 медаль хүртлээ. Манайхаас цөөн хүнтэй олимпод оролцоход биднээс хэд дахин илүү амжилт үзүүллээ. Тэд дээхэн үед дөрвөн бөхтэй олимпод оролцоход гурав нь медаль хүртсэн. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа үед амжилт үзүүлэхээргүй тамирчдыг заавал олимпод сойж улсын төсвийг дэмий үрж болохгүй. Монголын шигшээ баг “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадамд 30 хүрэхгүй тамирчинтай оролцоход 4-5 медаль хүртэж болоод байсан. Гол нь оролцогчдын тоо биш чанар чухал юм шүү дээ.
-“Рио-2016” олимпийн наадамд манай шигшээ багийн алдаа нь юунд байв?
-Манай багш, дасгалжуулагч, эрдэм шинжилгээний ажилтнууд шинжлэх ухаанаа илүү сайн судлах хэрэгтэй. Бид энэ салбарт нэлээд хоцрогдож яваа. “Рио-2016” олимпийн наадам манайхаас 12 цагийн зөрүүтэй, өндөр уулын бүст орших Бразилд Монголын тамирчид өмнө нь болон очоод яаж бэлтгэл сургуулилт хийвэл илүү амжилт үзүүлэхийг судлах ёстой байсан.
-Таныхаар яаж бэлдэх ёстой байсан бэ?
-Өндөр уулын бүс, олон цагийн зөрүүтэй газар нэг бол 10-14 хоногийн өмнө, эсвэл тулгаж очих байсан. Ингэвэл хүний бие организм тухайн газрын уур амьсгалд хурдан дасан зохицдог. Манай зарим спорт холбоод цаг хугацаагаа буруу тооцоолсон. Цагаа зөв тооцоолсон бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан. Мөн олимпийн наадмын бэлтгэл сургуулилтаа өндөр уулын бүст хийгээгүй, нам дор газрыг сонгосон нь алдаа боллоо.
-Тантай уулзвал заавал асуух юм шүү гэж бодож байсан нэг асуулт байна. “Рио-2016” олимпийн наадмаас Монголын жүдо бөхийн эрчүүдийн шигшээ баг ганзага хоосон ирлээ. Тэдний алдаа нь юу байв. Нэгэн үе жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж байсан болохоор тамирчин, дасгалжуулагчдын алдааг мэдэх цөөн хүний нэг нь та?
-Тэд олимп явахдаа л алдаа гаргасан. Бразилд долоо хоногийн өмнө очсон. Хэрэв эндээс дөрөв хоногийн дараа очсон бол тамирчдын бие организм нь Бразилийн цаг агаарт илүү дасан зохицох байлаа. Жүдо бөхийн тэмцээний эхний өдрүүдэд гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар нар хэрхэн тааруу барилдав. Уг нь тэдний барилддаг жин монголчуудын амжилт үзүүлэх хамгийн боломжтой жин юмсан. Тэд уналтад орох үедээ тэмцээнд оролцсон юм шүү дээ. Гэтэл тэдний дараа дэвжээнд гарсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Л.Отгонбаатарын барилдаан арай өөр харагдсан. Бас Д.Сумъяагийнх яг сайхан таарсан байна билээ. Тэд цаг агаар, цагийн зөрүүнд дассан үедээ барилдаад ялгарч байгаа юм. Би түрүүнд хэлсэн дээ, өндөр уулын бүс, олон цагийн зөрүүтэй газарт эрт нэг бол тулгаж очих байсан юм. Манай хөнгөн жингийнхэн дэвжээнд гарахад тэдний бие организм уналтад орсон нь надад анзаарагдсан. Нөгөө алдаа нь тамирчдын сонголт. Гэтэл манайхан 52, 60, 73 кг-д сонголтоо оновчтой хийгээгүй. Дасгалжуулагчид маань яагаад ийм сонголт хийчихэв дээ гэж их гайхсан. Олимпийн наадмын өмнө танд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлж байсан даа. Дасгалжуулагч нар тамирчны сонголт дээр тодорхой тайлбар өгөхгүй л байна.
-Шинэ шигшээ баг “Токио-2020” олимпийн наадамд бэлдэх ажлаа юунаас эхлэх вэ?
-Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зөв зохион байгуулахаас эхэлнэ.
-Тэгвэл энэ удаагийн шигшээ багийн сонгон шалгаруулалт өмнөхөөс юугаараа ялгарах бол?
-Өмнө нь авч байсан тэр жишгийнхээ дагуу авна. Мэдлэг, боловсрол, хүнтэй ажиллах чадвар, тамирчдын дунд хэр нэр хүндтэй байгаа эсэхийг нь харна. Энэ сонсоход энгийн мэт боловч баг хамт олны амжилтад багагүй нөлөөлдөг. Ялгаа нь гэвэл орчин үеийн шинжлэх ухаан сайн судалдаг, түүнтэй уялдаатай хичээллэдэг, сурган хүмүүжүүлдэг хүнийг сонгоно. Хэн баг тамирчдыг зөв, эв нэгдэлтэй удирдан авч явахыг нь шигшээ багт авна. Зарим дасгалжуулагч шигшээ багт нутгийн дүү, өөрийн шавиа дэмжиж авдаг. Бүр хамаатны дүүгээ шахаагаар оруулдаг байсан. Энэ нь багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Спорт ийм байж болохгүй ээ. Шигшээ багт Монголын шилдгүүд л ирэх ёстой. Намайг шигшээ багийн тайлангийн хуралд суухад “Бид өнгөрсөн дөрвөн жилд эвтэй байсан, сайн ажилласан” гэж ярих хүн гараагүй. Бүгд нэгнийгээ үгүйсгэсэн, эв найрамдалгүй байсан гэж ярьж байна. Ийм байж болохгүй ээ. Эв найрамдал гэдэг чинь баг хамт олны амжилтад маш чухал үүрэгтэйг санах хэрэгтэй.
-“Рио-2016” олимп өндөрлөж, хэзээ мөдгүй “Токио-2020” хаалга тогшино. Гэтэл шинэ олимпийн циклд Биеийн тамир, спортын хөгжлийн төв ямар ч мөнгөгүй, санхүүгийн алдагдалтай байгаа гэж дуулдсан?
-Улс орон тэр аяараа санхүүгийн хямралтай байна. Би Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн санхүүг барьдаг хүн нь биш болохоор энэ талаар олигтой юм олж дуулаагүй.
Д.ЖАВХЛАН
Сэтгэгдэл (13)