МАХН-ын дарга Н.Энхбаяр саяханыг хүртэл баатрын дүрээр нийгмийн нэг хэсэгт ойлгогдож ирэв. Харамсалтай нь хэдэн жилийн өмнөөс түүнийг тойрсон элдэв хээл, хахуулийн мөнгөтэй холбоотой асуудал сөхөгдөж эхэлснээр Н.Энхбаярын нэр хүнд улам л унасаар байгааг сүүлийн үед гарсан судалгааны дүнгээс харж болно. Нэг жилийн өмнөөс түүнийг тойрсон мөнгөний асуудлууд ар, араасаа олон нийтэд ил болж, баримттай мэдээллүүдийг гэрчүүд дэлгэх болов. “Н.Энхбаяр дарга надаас мөнгө нэхсэн” гэж ярих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Цог “Н.Энхбаяр дарга надаас мөнгө нэхэж байсан” хэмээн ярьжээ. Үнэхээр Н.Энхбаяр бусдаас мөнгө шантаажилдаг уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно. Харин түүний дарамтанд орж байсан гэх хүмүүс хэрхэн ярьсаныг “Багц 24” булангаараа хүргэж байна. Дашрамд дурдахад, түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхлээд байгаа билээ.
“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр: Н.Энхбаяртай холбогдох болсон хоёр сэжүүр байдаг. Мэдээж тэр хүнтэй Ерөнхийлөгчийн албанаас буусных нь дараа танилцсан. Тодорхой хугацааны дараа над руу утасдаад “танайх аялал жуулчлалын бизнес эрхэлдэг юм чинь гаднаас нэг хүн урьж болох уу” гэж асуусан. Тэр хүн нь Жан Андрей гэдэг итали гаралтай английн иргэн байсан. Н.Энхбаярын хүсэлтээр тухайн үед миний урьсан тэр хүнийг сүүлд Н.Энхбаярын хүү Батшугартай найз байсан гэдгийг нь мэдсэн. Батшугар тэр хоёр тухайн үед хоорондоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан гэж би хувьдаа ойлгож байгаа. Нэг сэжүүр нь ийм. Хоёрдох сэжүүр нь 2009 оны санхүүгийн хямралын үеэр манай компани ч бас хямралд өртсөн. Тухайн үед аль болохоор эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх юмсан гэдэг үүднээс хөрөнгө оруулалт хайж эхэлсэн. Тэр дунд уулзаж байсан хүмүүсийн нэг нь бол Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Уулзаад компаниа танилцуулсны дараа манай компанийг сонирхож эхэлсэн. Сонирхол татахаар зүйлүүд байсан л даа. Энэ процесс маань нэлээн удаан үргэлжилсэн. Улмаар ингэж явах үедээ манай компани санхүүгийн бэрхшээлтэй байсан учир “Эскон” гэдэг компаниас нэг сая ам.долларын зээл авсан. “Эскон”-ийг Н.Энхбаярын компани гэж би хувьдаа ойлгож байгаа. Эцэст нь Н.Энхбаярын зүгээс миний бодож байгаагаас шал өөр саналыг надад тавьсан. Тэр нь “компанийн чинь 10-15 хувь нь танайд байж байг, түүнд санаа зовоод хэрэггүй, 85 хувийг нь би аваад явъя” гэдэг саналыг тавьсан. Энэ саналыг би тухайн үед хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн.
Их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэргээр ял сонсож, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан “Тэнгри Холдинг” группын гүйцэтгэх захирал Х.Анхбаяр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ МАХН-ын удирдлагууд болох Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нартай холбоотой хэд, хэдэн ноцтой баримтуудыг дэлгэсэн. Тухайлбал, Н.Энхбаяр нь Х.Анхбаярын эзэмшдэг “Тэнгри” компанийн 85 хувийг 2010 онд нэг сая ам.доллараар авахаар шахалт үзүүлж байсан тухай ингэж ярьж байжээ.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба: Би өнгөрсөн оны 11 сарын 4-ний өдөр өөрийн дотны танил, хуурай ах Оросын Даваасүрэнгээс намын санхүүжилт болгох үүднээс дамжлэг хүсч авсан мөнгөнийхөө 50 мянган ам.долларыг Н.Энхбаяр даргад өөрийн биеэр МАХН-ын төв байран дахь өрөөнд нь очиж өгсөн. Тэр үед бид хоёулахнаа байсан. Харин 120 мянган долларыг нэмж өгөхөөр бэлдэж байгаад АТГ-т баривчлагдсан. Н.Энхбаяр даргатай өөд өөдөөсөө хараад суувал арай аваагүй гэж хэлэхгүй байх. Н.Энхбаяр даргын намын санхүүжилтийг бүрдүүлэх тулган шаардалтаас үүдэж О.Даваасүрэнгээс мөнгөн тусламж авсан. Н.Энхбаяр дарга намын санхүүжилт бүрдүүлэхгүй бол генсек болон сайдын ажлаа өг гэдэг байсан. Энэ талаараа Д.Тэрбишдагвад хэлж байсан.
Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Сандуйжав: Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүн капиталаа Н.Энхбаярт даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна. МАХН-д өгсөн хагас тэрбум төгрөгөө нэхэмжилж АТГ-д хандлаа. Мөнгөө буцааж авъя хэмээн Н.Энхбаяр даргад хэлэхэд “АТГ-т ханд” гэсэн. Хэлсэн ёсоор нь АТГ-т хандаж байна.
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Цог: 2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй" гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан.
УИХ-ын гишүүн Г.Уянга: МАХН, ер нь манай Н.Энхбаяр дарга нэг л их албан тушаал наймаалцсан л хүн байх юм. Би бол үнэндээ учрыг нь олдоггүй юм. Заавал бүлгийн даргаа авна, тэрийгээ авбал энийгээ авна гээд. Надад тэр албан тушаалын наймаа бол үнэндээ сонин биш. Яагаад бүх юмыг, төрийг, УИХ-ыг ингэж албан тушаалын наймааны хэрэгсэл болгож, бүлгийг, зарчмыг, Оюутолгойг бүх юмыг яагаад ингэж наймаа болгодог юм бэ. Энэ бол надад зөв санагддаггүй. Энэ бол олон түмэн бас мэдэж, ажиглаж, шүүмжлэх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (72)