Засгийн газар асар их хэмжээний зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ зорилгоор Сангийн сайд Б.Болор гадагшаа явах сураг байна. Түүнээс өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хүмүүс гаднаас мөнгө зээлэхээр яваад бараг сар болж байгаа аж. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бас мөнгөний эрэлд морджээ. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү барьдаг Монголын нөлөө бүхий хүмүүс бүгд гадаадад бадар барихаар явж байна. Тэд хэд хэдэн газраар орж эцэстээ мөнгө зээлэх болтол Засгийн газрын асуудлыг өргөн барьчихсан. Гэтэл мөнгө зээлүүлэх гэж байсан улс түүнийгээ өгөхөө эргэн харья гэж ярих болсон байна. Учир нь танай улс тогтворгүй байна. Эргэн төлөх баталгаа муу. Өмнөх бондуудын зарцуулалт замбараагүй. Өгвөл өндөр хүүтэй өгнө гэсэн түмэн шалтгаан тоочиж эхэлжээ. Ингээд Засгийн газрын мөнгө зээлэх гэсэн операци бүтэлгүйтэж эхлэв. Гэхдээ ямар хэмжээний мөнгө зээлэх гэж байсан нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан чуулган дээр Засгийн газар "840 сая ам.долларын эрэлд мордсон" тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдсан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.
Зээлэх гэж байсан мөнгө нь бүтэлгүйтсэн учир АН-ын гишүүд ихээхэн бухимдалтай байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж "Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү "Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байгаа" гэж тайлбарлав. Мөн Зам тээврийн сайд М.Зоригт "Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж, улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж хардаж байгаа" гэж тайлбарлаж байна.
Үүнээс үзвэл Засгийн газар гаднаас санхүүжилт хайж байгаа нь тодорхой байна. Гэтэл Засгийн газрыг унагах бичгийг өргөн барьсан нь гадны орнуудаас зээлэх мөнгийг хаах гол үндэслэл болжээ. Ямартай ч Засгийн газар удахгүй өр тавих магадлалтай байна.
Сэтгэгдэл (26)