“Дүнжингарав” худалдааны төвийн босс “Мон-Уран”-ы Б.Наранхүү түрээсийн үнээ огцом нэмсэн нь наймаачдыг бухимдахад хүргээд байна.
Анх байгуулагдахдаа л багагүй шүүмж хүртэж байсан Дүнжингарав худалдааны төв “Нарантуул”-ыг бодвол тохилог орчинтой. Тийм ч учраас Дүнжингаравыг сонгон худалдаа наймаагаа эрхлэх наймаачид олширсон. Гэхдээ энэ бүхэн Дүнжингаравын удирдлагуудаас хямд түрээс, тохилог орчныг санал болгосны үр дүнд бий болсон гэхэд болно.
Хаа сайгүй хоосон лангуу цэлийж байсан энэ газар өдгөө хөл дээрээ тогтоод авсан гэхэд болно. Гэвч ядуурал, эдийн засгийн хямрал маш их байгаа энэ үед “Дүнжингарав”-ын удирдлагууд түрээслэгчдэд “төмөр нүүр” гаргаж түрээсийн үнээ нэмсэн нь багагүй асуудал үүсгэж мэдэхээр байна.
Өнөөдөр ард иргэдийн амьдрал маш хэцүү, амьжиргааны баталгаажих түвшин доогуур байгааг хэн хүнгүй мэднэ. Гэтэл уламжлалт баяр наадмаар нь түрүү барьж наймаачдын түрээсийг нэмэгдүүлнэ гэдэг бизнесийг арга заль ч, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэх юм.
Хэрэв энэ чигээрээ тогтвол түрээслэгчид өндөр түрээсийнхээ алдагдлыг нөхөхийн тулд барааныхаа үнийг хөөрөгдүүлэх боломжтой. Харин энэ бүхний цаана худалдан авагч иргэд хохирч мэдэхээр байгаа юм.
Юутай ч манай сурвалжлах баг “Дүнжингарав” худалдааны төвийг зорьж больж буй үйл явдал хийгээд түрээслэгдчийн сэтгэгдлийг сонслоо.
Биднийг очиход, Дүнжингаравын удирдах албан тушаалтнууд байхгүй байсан ч багагүй хугацааны дараа ажлын байрандаа ирж холбогдох мэдээллийг өгсөн гэдгийг сурвалжлагынхаа эхэнд хэлэх нь зүйн хэрэг биз ээ.
Түрээс нь огцом нэмэгдсэнийг сонссон наймаачдын сэтгэлзүй ямар байх нь тодорхой. Баяр наадмын тохиолдуулаад түрээсээ нэмдэг тэдний үйлдлийг гадарлаж байсан ч 1.8 сая төгрөг болтол нь түрээсээ өсгөнө гэж санаагүй биз.
Хэвлэл мэдээллийнхнийг очиход “эвэртэй туулай” харсан аятай зугтаж, ийш тийш бүлтэлзэн зогсож байгаа түрээслэгчдийг хараад нөхцөл байдал тун хэцүү байгаа юм байна гэх бодол төрж байсныг нуух юун.
Мэдээж зорьсон хэргээ бүтээж бид зарим түрээслэгчидтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсохыг хичээлээ. Тэдний амнаас “хэцүү байна, хамаагүй зүйл ярьж болохгүй, ярилцлага өгчихвөл түрээсийн гэрээ цуцалж мэднэ” гэх зүйл л гарч байсан юм.
Гэвч зарим түрээслэгчдийн хувьд санал бодлоо хэлсэн юм.
Тухайлбал, нэрээ үл хэлэхийг хүссэн түрээслэгч “Түрээс нэмэх талаар огт хэлж, сануулаагүй хэрнээ уржигдархан түрээсээ нэмсэнээ мэдэгдлээ. Харин маргааш нь буюу өчигдөр түрээсийн мөнгө тушаах хугацаа нь байсан. Маш хэцүү байна. Уг нь сарын 150 гэх энэ хэсгийн талбайг хэдэн сарын өмнөөс түрээслээд түрээсээ цаг тухайд нь өгөөд явж байсан. Гэтэл яг ашиг олох сар буюу цагаан сарын үеэр түрээсээ хэт өндөр болгож байгаа нь бидэнд их хүнд байгаа. Миний зүгээс хямд, жижиг бараа зардаг учир энэ их мөнгийг яавч өгч чадахгүй. Тэглээ гээд болилтой нь биш. Үргэлжлүүлэн зогсож наймаагаа хийнэ. Харин энэ өндөр түрээсийг бүрэн өгч чадахгүй болвол зөрүүнд нь бараанаасаа өгөе гэж гуйя гэсэн бодолтой л зогсож байна” хэмээсэн юм.
Харин өөр нэг түрээслэгч “Биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгч, илүү дутуу юм ярихгүй байхыг сануулсан. Та нарт яриа өгч түрээсийн гэрээгээ цуцлуулмааргүй байна. Асуудал үүсгэсэн гурван ч түрээслэгчийн гэрээг цуцалсан байгаа” гэх зүйлийг ярьлаа.
Мөн өөр нэг түрээслэгчийн зүгээс “Бид ийм өндөр хэмжээний түрээс төлөхөд хэцүү байна. Түрээсээ бага зэрэг буулгаж өгөөч гэх саналыг тавиад байгаа. Удахгүй хариу өгөх байх. Энэ асуудлыг зүгээр орхивол үндсэн павилоны лангууг ч тодорхой хэмжээгээр өсгөх асуудал яригдаж байна лээ” гэсэн юм.
Дүнжингарав худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ
“Сүүлийн хоёр жил бид 1092 ширхэг павилоныг 350 мянгаар түрээсэлж байна. Харин хажуу ханыг бол түр хугацаагаар цагаан сар, шинэ жил ямар нэгэн баярын үед павилоноо дүүргэх гэж түрээсэлдэг.
Энэ жил хямралтай байна. Байгууллага алдагдалтай ажиллаж байгаа. Ийм байхад үндсэн павилоныхоо үнийг нэмээгүй. Харин цагаан сарын үеэр павилон биш задгай талбайгаа 1.8 сая төгрөгөөр зөвхөн энэ хүмүүст бус зах зээлд зарлаж байгаа юм. Түрээслэгчид үнэхээр боломжгүй бол дараагийн хүнд өгөх хэрэгтэй.
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа газруудын талбай түрээсийн үнийг судлаад үзвэл манай энэ үнэ бол дундаж үнэ. Байнгын түрээсийн үнэ биш цагаан сар, шинэ жилийн үеийн түр зууны үзэсгэлэн худалдаанд л ийм байна.
Хажууд байгаа ганцхан жишээнээс дурдахад л, Монголын маркетингийн менежерийн хүрээлэн л гэхэд нэг павилоныг 2.8 саяаар түрээсэлж байна. 15 метр квадратыг 3.5 саяаар түрээсэлж байгаа. Зөвхөн сард.
Энэ бол нийт Дүнжингаравын түрээслэгчдийг хамарсан асуудал биш. 76 хана түрээслэгчийн л асуудал. Уг нь түрээслэгчдийн ихэнх нь түрээсийн төлбөрийг дэмжсэн” гэдэг тайлбарыг хийлээ.
Өөрөөр хэлбэл, энэхүү худалдааны төвийн удирдлагууд хямарлын үеийн шархаа нөхөх гэж 76 түрээслэгчдийг ийн сандаргаж суугаа бололтой. Мөн бусад байгууллагын үнийг судлахад өөрсдийнх нь энэ 1.8 сая төгрөг дундаж үнийн дүн болохыг мэдэж авсан гэх зүйлийг ярьж байна.
Цаашлаад гэрээгээ цуцлуулсан гэх гурван түрээслэгчийн асуудлыг тус худалдааны төвийн удирдлагын зүгээс “Гурав биш нэг хүний гэрээг цуцалсан. Тэр хүн ажилчдыг хэл амаар доромжилсон. Ажилтны бие рүү халдсан. Бүр тодруулбал, түрээсийн үнийн асуудлыг мэдэгдээд очсон зохион байгуулагчруу халдсан. Ийм учраас би өөрийнх нь гаргасан үйлдэлтэй нь холбогдуулж түрээсийн гэрээг нь цуцалсан. Энэ бол байх л асуудал. Би хоёр хүнд сануулга өгсөн. Хамгаалагч, зохион байгуулагчдыг хэл амаар доромжилдог хүний түрээсийн гэрээг цуцлахаас өөр аргагүй. Юутай ч энэ асуудлыг нэг тийш болгох саналыг Эзэмшигчдийн хуралд тавьсан байгаа” гэдгээ нэмж хэлсэн юм.
Ер нь жил бүр баяр наадмын үеэр түрээсээ нэмэх асуудал байгаа гэдгийг шулуухан хэлж байсан эл даргын ярианаас та “Дундаж үнэ, байдаг л асуудал, 76-хан түрээслэгчийн асуудал” гэх мэт зүйлсийг онцлон анзаарсан биз ээ.
Тэгвэл түрээслэгчдийнхаа сарын орлогыг судалж үзэлгүйгээр гэнэт ийм хэмжээний түрээс нэхнэ гэдэг хэн хүний санаанд нийцэхгүй нь ойлгомжтой. Бодит байдалд нийцсэн боломжийн үнэ санал болговол түрээслэгчид ч бухимдаж, монголын ард түмэн ч дургүйцлээ илэрхийлэхгүй байх.
Ер нь аливаа бизнесийн байгууллагад ийм асуудлууд байдаг байж болох ч нийгмийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралыг харгалзан үзэлгүй шийдвэрт хүрч байгаа нь шүүмжлэх асуудлын нэг яахын аргагүй мөн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)