УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.
-Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар Чингисийн талбайд цуглаан хийхээ мэдэгдлээ. Цуглаанаас өөр хэлбэр сонгож болоогүй юм уу?
- Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар цуглаан зохион байгуулж иргэдийн саналыг авна. Цаашлаад тэдний өгсөн саналыг нь Засгийн газрын байгуулж буй Тавантолгойн гэрээнд тусгуулахаар ажиллах юм. Дор хаяж 10-20 мянган хүний гарын үсгийг цуглуулъя. Уг асуудлаар цөөн хэдэн гишүүн дуугараад нэмэргүй байна. Монгол улсын 2.100.000 иргэн, 550 гаруй аж ахуй нэгж Тавантолгойн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийнх нь үгийг Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.
- Засгийн газар таны шаардлагыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна уу?
- Манай Ардчилсан намын нэг мөрийн хөтөлбөр бол “Иргэдээ сонсож, иргэдийнхээ санаа бодлыг төрийн бодлогод тусгах” юм. Бид ийм амлалтыг өгч гарч ирсэн. Түүнээс бус иргэдийнхээ үгийг зөвхөн мессежээр сонсоно гэж гарч ирээгүй юм. Талбай дээр гараад ард, иргэдтэйгээ уулзах хэрэгтэй. Иргэд олон түмэн бол ажил, амьдрал урагшлаасай гэж хүсч байгаа. Гэхдээ тэд Тавантолгойн гэрээн дэх зүйл, заалтуудыг нарийн мэдэхгүй. Тиймээс эргэлзээтэй, зөрчилтэй байгаа заалтуудын талаар тайлбарлаж өгнө. Тухайлбал, 1072 хувьцааны асуудал.
- Пүрэв гаригт болох цуглаанд хэдэн хүн ирэхийг мэдэхгүй. Гэхдээ тэр хүмүүс хувьцаа эзэмшигч 2.1 сая хүнийг төлөөлж чадна гэж үзэж байна уу?
- Дор хаяж хоёр мянган хүн ирэхэд л хангалттай. Хоёр хүнээс ч хамаагүй асуу.
- М.Энхсайхан сайд бол Тавантолгойн гэрээний хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа шүү дээ?
-М.Энхсайханы тайлбар хамаагүй. Бид хуулиараа явах ёстой. МАН, АН хоёр 2008 оны сонгуульд оролцохдоо ард иргэддээ стратегийн ордуудын 51 хувийг өгнө гэж амласан. Цаашлаад стратегийн ордуудааас хувьцаа олгоно. Хувьцааныхаа 10-20 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэж хэлж байсан. Тавантолгойтой холбоотой энэ амлалт биелэлээ олох ёстой. Түүнээс биш одоо Тавантолгойн ордоо Хятадуудад өгчихье. Дараа нь хувьцааны тухай яръя гэж болохгүй. Ерөнхий байдлаар асуудалд хандаж болохгүй. М.Энхсайханыг ухаантай гэдгийг нь би мэднэ. Гэхдээ хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэдэг үг бий. Хулгайн замаар хууль зөрчиж уг гэрээг урагшлуулж болохгүй.
- Тавантолгойн хувьцааны асуудлаар АН-ын бүлэг хоёр хуваагдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Намын бүлгүүд уг асуудлаар хэлэлцэж байгаа. Бүлгийн гишүүд янз бүрийн байр, суурьтай байгаа юм. Би ч мөн байр, сууриа илэрхийлж байна. Бүлгийн байр суурь хэзээ ч нэгдмэл байдаггүй. Бүлгүүд олонхийн байр сууриа дагадаг. Цөөнх нь үгээ хэлдэг.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь танай бүлгийн хуралд оролцсон гэсэн. Тэр хүн ямар асуудлаар голчлон мэдээлэл хийв?
-“Эрдэнэс-Тавантолгой”-н асуудлаар байр, сууриа илэрхийлсэн. Бид Я.Батсууриас хоригдож байсан хугацаа, хоригдох болсон шалтгаан, улс төрийн шахалт дарамт хэр байсан талаар асуусан.
- Асуултад юу гэж хариулсан бэ?
-Бүлгийн дотоодод яригдсан асуудал учраас ил ярих эрхгүй.
- Батлан даалтад гаргахад нь тусалсан гэсэн. Энэ хүний асуудалд АН цаашид яаж оролцох вэ?
- Бүлгийн цөөнгүй гишүүд батлан даалтад авсан байгаа.
-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслөө та хэзээ өргөн барих гэж байна?
-Өргөдлийн байнгын хорооны гишүүд өргөн барина. Тус хороон дээр хэлэлцүүлэх асуудлыг О.Баасанхүү дарга мэдэж байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)