Палестины ерөнхийлөгч АНУ-ын Газын зурвасыг эзэлж, тэнд амьдарч буй 2.1 сая палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх тухай Доналд Трампын саналыг эрс няцааж байгаагаа мэдэгдэв. "Бид ард түмнийхээ эрхийг зөрчигдөхийг зөвшөөрөхгүй" гэж Махмуд Аббас онцлон тэмдэглээд, Газа бол "Палестин улсын салшгүй хэсэг" бөгөөд албадан нүүлгэн шилжүүлэх нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно гэдгийг анхааруулав.
Энэ санааг Иордан, Египет зэрэг Арабын орнууд болон АНУ-ын гол холбоотон орнууд эсэргүүцэв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Газын бүс бол ирээдүйн Палестин улсын салшгүй хэсэг гэдгийг хэлээд, Нью-Йоркт болсон уулзалтын үеэр Палестинчуудын эх нутагтаа хүн шиг амьдрах эрх улам бүр алдагдаж байгааг онцолжээ.
Гэвч Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Трампын санал "түүхийг өөрчлөх" боломжтой бөгөөд үүнд "анхаарал хандуулах нь зүйтэй" гэж мэдэгджээ.
2023 оны 10 дугаар сарын 7-нд 1200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан хил дамнасан халдлагын хариуд Израилын арми ХАМАС-ыг устгах кампанит ажлыг эхлүүлсэн.
Хамас бүлэглэлийн удирддаг тус нутгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Газын зурваст 47,540 гаруй хүн амиа алдаж, 111,600 хүн шархадсан байна. Газын хүн амын дийлэнх нь нүүж, барилгуудын 70 гаруй хувь нь сүйдсэн, эрүүл мэнд, ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн систем сүйрч, хоол хүнс, түлш, эм тариа, орон байрны хомсдолд орсон байна.
Л.Баяр