2024 онд авто замын салбарт долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилтыг салбарын яамнаас дэвшүүлээд буй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусах ч төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө буюу 2024 онд хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулахаар барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Тодруулбал, нэгдүгээр багцын 68.6 километр авто замын гүйцэтгэгч "Наранбулаг-Хан" ХХК нь 2023 онд эхний 50 километрыг гэрээт хугацаанаас өмнө байнгын ашиглалтад оруулсан. Үлдсэн хэсэг болох 18.6 километр авто замыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй.
Мөн хоёрдугаар багц болох 62 километр авто замыг гүйцэтгэгч "Мотор Сервис" ХХК нь төлөвлөсөн ажлаа давуулан гүйцэтгэж байна гэж ЗТХ-ийн яамнаас мэдээллээ.