Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялснаар Биеийн тамир спортын салбарт түүхэн үе шат эхэлсэн гэж үздэг билээ. Энэ онд Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож, өнөөдөр баярт өдрөө тэмдэглэн өнгөрүүлж буй.
Биеийн тамир спортын салбар гэдэг бол аль ч салбар, иргэдэд хүрдэг, хөрвөх чадвартай онцлог бүхий салбар. Тийм ч учраас Монголын спорт өнөөдөр олон улсын жишигт нийцэж, стандартын шаардлага хангасан, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай салбар болж хөгжөөд байна.
Биеийн тамир спортын газар нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг төр засгаас баримтлах хууль, бичиг баримт, эрх зүйн актын хүрээнд хангалттай бүрдүүлсэн. Энэ өндөрлөгт хүрэхэд Биеийн тамир спортын салбарын үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, багш дасгалжуулагчид түүхэн үүрэг гүйцэтгэсний үр дүн юм.
Иймд уншигч та бүхэнд Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Биеийн тамир, спорт-Шинэ сэргэлт” улсын зөвлөгөөний үеэрх сурвалжилгыг хүргэж байна.
Биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Биеийн тамирын салбарыг хөгжүүлэх үйлсэд бүгдээрээ идэвхийлэн оролцож байгаад баяртай байна
Тэрбээр "Биеийн тамир спортын салбарыг хүний хөгжлийн чухал хүчин зүйл хэмээн дэлхийн улс орнууд үздэг. Тийм ч учраас уг салбарыг бүх талаар дэмжин хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Тун удахгүй Парисын олимпын их наадам эхэлнэ. Багийн болон ганцаарчилсан төрлийн олон тамирчид эрхээ авч байна. Биеийн тамирын салбарыг хөгжүүлэх үйлсэд бүгдээрээ идэвхийлэн оролцож байгаад баяртай байна" гэв.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар: Дэлхийн 250 орноос 31 дүгээр байр хүртэл ахисан он жилүүд байлаа
Тэрбээр "Олимпын аваргатай болох юмсан гэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, Бээжингийн олимпоом гурван алтан медаль, хоёр мөнгөн медаль хүртэж өндөр амжилт гаргасан. Дэлхийн 250 орноос 31 дүгээр байр хүртлээ ахисан он жилүүд байлаа. Олимпын аваргатай болсноос хойш маш олон аав ээжүүд хүүхдээ хөтлөн спортоор хичээллүүлэх болсон. Орчин үеийн биеийн тамир, спортын салбар хөгжсөний 100 жил, Монголын тамирчид анх олимпын наадамд оролцсоны түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе" гэв.
О.Баттулга: Биеийн тамир, спортын салбар өрхөө татаж, тулгаа тулснаар эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна
Тэрбээр "Нэгэн зууны болоод нэгэн жарны бахдам түүхийн буурин дээр орчин цагийн Биеийн тамир, спортын салбар өрхөө татаж, тулгаа тулснаар эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна.
Үе үеийн удирдан манлайлагчид, ажилтан, албан хаагчид, дасгалжуулагч, тамирчдынхаа эх орон, ард түмнээ гэсэн чин зүтгэл, ариун үүрэг, үнэнч сэтгэлийг буухиалан бид үндэсний хэмжээнд төдийгүй бус нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Энэ жил хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны олимп, паралимпын наадам тохиож байна.
Монголын баг тамирчид олимпод оролцож эхэлснээс хойшхи 60 жилийн дотор “Токио-1964”-“Парис-2024” хүртэлх замыг туулж, зуны 14 удааагийн олимпын наадамд оролцон хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль, паралимпын наадмаас хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэн, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй. Монголын баг тамирчид маань идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж өдгөө олимпын спортын зургаан төрлөөр 17 эрх, паралимпын хоёр төрлөөр дөрвөн эрх авах оролцох гэж байгааг онцлон тэмдэглэж байна. Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Биеийн тамир, спортын салбарын маань ажилтан, албан хаагчид хүн ардынхаа нийтийн биеийн тамир, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад цаг ямагт анхаарч, тэдэнд биеийн тамир, спортоор хичээллэх эрмэлзэлийг төрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг дурдахад таатай байна. Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Парисын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа олонтоо мандаж, Монгол төрийн дуулал олонтоо эгшиглэх болтугай!" гэв.
Говь-Сүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Буянтогтох: Түүхт 100 жилийн баяраа ахмадууд, алдартнууд, тамирчидтайгаа хамт тэмдэглэж байгаад баяртай байна
Тэрбээр "100 жил гэдэг бол богино хугацаа биш. Улс эх оронд маань орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний баярыг ахмадууд, алдартнууд, багш дасгалжуулагч, тамирчидтайгаа нэг танхимд тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна. Манай аймгаас өнөөдрийн үйл ажиллагаанд зургаан төлөөлөл ирж оролцож байна" гэв.
Сэтгэгдэл (1)