Биеийн тамир, спортын салбар байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Нэгэн зууны болоод нэгэн жарны бахдам түүхийн буурин дээр орчин цагийн Биеийн тамир, спортын салбар өрхөө татаж, тулгаа тулснаар эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна.
Үе үеийн удирдан манлайлагчид, ажилтан, албан хаагчид, дасгалжуулагч, тамирчдынхаа эх орон, ард түмнээ гэсэн чин зүтгэл, ариун үүрэг, үнэнч сэтгэлийг буухиалан бид үндэсний хэмжээнд төдийгүй бус нутаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Энэ жил хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны олимп, паралимпын наадам тохиож байна.
Монголын баг тамирчид олимпод оролцож эхэлснээс хойшхи 60 жилийн дотор “Токио-1964”-“Парис-2024” хүртэлх замыг туулж, зуны 14 удааагийн олимпын наадамд оролцон хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль, паралимпын наадмаас хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэн, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй. Монголын баг тамирчид маань идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж өдгөө олимпын спортын зургаан төрлөөр 17 эрх, паралимпын хоёр төрлөөр дөрвөн эрх авах оролцох гэж байгааг онцлон тэмдэглэж байна. Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Биеийн тамир, спортын салбарын маань ажилтан, албан хаагчид хүн ардынхаа нийтийн биеийн тамир, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад цаг ямагт анхаарч, тэдэнд биеийн тамир, спортоор хичээллэх эрмэлзэлийг төрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг дурдахад таатай байна. Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Парисын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа олонтоо мандаж, Монгол төрийн дуулал олонтоо эгшиглэх болтугай!" гэжээ.