Шинэ Зеланд гаралтай, Гладиатор киноны од, Холивудын алдарт жүжигчин Рассел Кроу хэд хэдэн алдартай түүхэн төсөлд оролцож байсан ч одоо тэр өөрийгөө бодит түүхтэй холбоотой нэгэн гэдгээ мэдэгдлээ.
Жүжигчин Лхагва гарагт X дээр Шотландын Якобитын 11 дэх лорд Ловат байсан Саймон Фрейзертэй холбоотой гэдгээ хуваалцжээ. Мөн уг лорд нь Лондонгийн цамхагт толгойгоо цавчуулан цаазлуулсан сүүлчийн хүн хэмээн дурсжээ.
Оскарын шагналтны хэлснээр тэрбээр Фрейзертэй эцгийн талын эмээгээрээ холбоотой байсан. 1747 онд Лондонгийн цамхагт толгойг нь цавчиж хөнөөсөн гэжээ.
Кроу дараа нь "Тэд түүний үхлийг харахын тулд язгууртнуудад зориулсан түр тавцан байгуулсан бололтой. Хожим тэдгээрийн нэг нь нурж, есөн хүн амиа алдсан юм билээ. Түүнийг цаазлах үеэр тэр инээсээр л байсан. Сэлэмний ир хүзүүг нь цохиход ч тэр инээсэн хэвээр, толгой нь инээсэн чигээрээ тасарч унасан " гэж бичжээ.
Магадгүй тэр удахгүй уг хамаатныхаа тухай гайхалтай дүрийг бүтээх биз.
Л.Сайнаа