Автобусанд суудлын төлөөх дайн өрнөнө. Хөгшин, залуу, том жижиггүй сандал мөрөөднө. Хажуугаар нь өвлийн жавар тачигнан буйд элэг бөөрөө салгах зайгүй шахцалдана. Хэн нэгэн таны гараас зуураад авбал гайхах зүйлгүй. Хөл алдсан нэгэнд түших багана, тулах цэг болжээ, та.
Залуу хүний “шийр” зааж хөлсний үнэр, амьсгалын халуун дор зогсохоос өөр арга байхгүй дээ. Автобусны арын суудлын төлөө арван буудал тэмцэсний эцэст халтар гуталтай л үлдэнэ дээ. Ажлын өдрүүдэд нийтийн тээвэрт багтах зай олдохгүй ч Улаанбаатарынхаа дүүрэг, дүүргийн найзууддаа дасжээ бид.
Гучин минут хүлээж, цаг хугацаатай мөрий тавьсан автобусны жолооч ах гэмшингүй харчихаад, эргэж ч харахгүй хаяад явчихна гээч. Автобус тойрсон нийслэлийн амьдрал "хөглөж" өгнө. Энэ бол цухасхан л...
Үнэндээ нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас Улаанбаатарынхан "гарах шахсан". Гэтэл "Ногоон"-ы бачаар ахиад нэг өвлийг "тэврэлдэн" өнгөрөөх болсон юм. Өдгөө хотын дарга 600 автобус оруулж ирж, наалдаж налж яваа иргэдээ салгана гэж буй.
М.Жаргал