Олон улсын жүдогийн холбооны 2025 оны хамгийн эхний өндөр чансаатай "Парисын Их дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, дөрвөн тивийн 50 орны 298 жүдоч зодоглов. Уг тэмцээнд Монголоос эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин өрсөлдсөн боловч ганзага хоосон ирлээ.
Өмнөх дөрвөн жил яаж ийгээд л медальтай ирдэг байсан шигшээ багийнхан амралт авч, энэ удаад шинэ бүрэлдэхүүнээ Парис руу илгээсэн юм. Тухайлбал, хамгийн туршлагатай нь эрэгтэйчүүдийн -66 кг-д барилдсан Г.Хэрлэн байв. Гран-при тэмцээний хоёр алт, Их дуулгуудын гурван хүрэл, Мастерсын алт, мөнгөн медальт тэрбээр удаан хугацааны дараа олон улсын дэвжээнд зодоглов. Тэрбээр оны 2022 оны ААШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөрийн оронд явсан юм. Ж.Энхтөр нь "Rap devjee" дайралцааны тэмцээн дэр зүй бус үйлдэл гаргасныхаа төлөө хасагдсан билээ.
Парисыг зорьсон жүдочдоос хэсгээсээ шалгарсан нэг ч хүн байгаагүй нь харамсалтай байв. Тэд бүгд хэсгийн шатандаа ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Залуу, төдийлөн олон улсад мэх, техникээ таниулаагүй тэдний хувьд том боломж байсан ч хэн нь ч ашиглаж чадаагүй юм.
Уг Их дуулгад эзэн орон Франц улс гурван алт, гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар өнгөлсөн бол, Япон улс гурван алт, гурван мөнгө, таван хүрэлтэйгээр удаалав. Тэдний араас Өмнөд Солонгос, АНЭУ, Азербайжан тэргүүтэй улсууд бичигдлээ. АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй эмэгтэйчүүдийн -52 кг-ын жүдоч Б.Хорлоодой тавдугаар байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг-д барилддаг Б.Нармандах хэсээсээ шалгараагүй байна.
IJF-ийн дараагийн том тэмцээн Бакугийн Их дуулга энэ сарын 14-16-ны өдрүүдэд болох тов гарчээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор одоогийн байдлаар 60, 66, 52 кг-ын жингүүүдэд таван тамирчин мэдүүлгээ өгөөд байна. Үүний араас хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд Ташкентын Их дуулга тэмцээн болно. Мөн долдугаар сарын сүүлээр Улаанбаатарын Их дуулга тэмцээн болох аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)