Тайваний шинэ ерөнхийлөгч Хятадыг “гадаадын дайсагнагч хүчин” хэмээн албан ёсоор нэрлэж, аюул заналхийлэл, тагнуулын олон хэргүүдийн эсрэг үндэсний аюулгүй байдлын арга хэмжээ авахаа амлав. Пүрэв гарагт зарласан шинэ арга хэмжээнд Тайваньд 1980-аад оны сүүл хүртэл байлдааны байдалтай байх үед байсан цэргийн шүүхийн тогтолцоог сэргээх тухай маргаантай санал багтжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Лай Чинг-тэ тус улсын үндэсний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын дараа энэ тухай мэдэгдэв. Үүний хариуг Бээжингийн зүгээс даруй барьж, Лайг Тайванийг "дайны аюулт ирмэг" рүү түлхэж буй "Энх тайвныг сүйтгэгч", "хямрал үүсгэгч" хэмээгээд байна.
Лай сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятадын саарал бүсийн довтолгоо нэмэгдэж, засгийн газар, цэрэг арми, нийгэмд хариу арга хэмжээ авч байна. Хятад улс Тайванийн эсэргүүцэх актад заасан "гадаадын дайсагнагч хүчин" гэсэн тодорхойлолтыг бүрэн хангасан бөгөөд үүнд илүү идэвхтэй, том арга хэмжээ авахаас өөр сонголт байхгүй. Хятад улс ардчилсан Тайванийн эрх чөлөө, олон талт байдал, нээлттэй байдлыг ашиглан гэмт бүлэглэл, хэвлэл мэдээлэл, тоймчид, улс төрийн намууд, тэр байтугай зэвсэгт хүчин, цагдаагийн албанд ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан гишүүдийг өөттөө элсүүлж, биднийг дотроос нь хагалан бутаргах, устгах үйл ажиллагаа явуулж байна" гэжээ.
Зарлагдсан хамгийн тодорхой арга хэмжээ бол “цэргийн гэмт хэргийг үймээн самуун, дайсанд туслах, нууц мэдээллийг задруулсан, үүргээ умартсан, дуулгаваргүй үйлдсэн” хэмээн яллах энхийн үеийн цэргийн шүүхийн тогтолцоог сэргээх төлөвлөгөө байв. Тайвань улс олон арван жилийн турш харгис, хэрцгий цэргийн дэгээр залуусыг хүмүүжүүлдэг, ард иргэдээ захиргааддаг байсан ч 2014 онд хэрцгийгээр хөнөөгдсөн цэргийн хэргээс болж цэргийн шүүхээ татан буулгасан. Лайгийн төлөвлөгөөгөөр эх орноосоо урвасан болон бусад улс орны эсрэг гэмт хэрэгтнүүдийг уг шүүхээр оруулах бодолтой байгаа бололтой.
Тайваний хууль тогтоох байгууллагад дийлэнх хувийг эзэлдэг сөрөг хүчний намууд Лайгийн мөрийн хөтөлбөрт ихээхэн саад учруулдаг бөгөөд түүний уг төлөвлөгөөнд эргэлзэж байна. Лай хэлсэн үгэндээ, Хятад аялагчид болон шинээр оршин суугчдад тавих хязгаарлалтыг чангатгаж , Хятадад ажиллаж, зорчиж буй Тайвань хүмүүст хяналт тавьж байгааг тэмдэглэв.
Л.Баяр