Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Нийслэл хотод түгжрэл, утаа, автобус, зам гээд бухимдахгүй зүйлгүй болов. Жил жилийн өвлөөр л энэ бүхэн ахин дахин давтагдана. Зундаа живчих гээд өвөлдөө нийтийн тээврээ хүлээж осгочих гээд, халтирч унаад бэртчих гээд л эрүүл бас аюулгүй амьдрах боломж улам хумигдсаар.
Явган хүний замаар алхах гэж хэдэн мянган уул толгодыг дамжсан мэт цуцна. Уруудахдаа нисэж мэднэ. Ийм амьдралд стрессгүй монгол хүн гэж үгүй. Стресстэхгүй байвал тэр л хамгийн гайхалтай хүн.
Гудамж бүрдээ гулсууртай Улаанбаатарт өвлийн саруудыг "яаж давна даа" гэсэн бодол л мөрөөдөл хүслийн урдуур дайран орж ирнэ. Хэрхэн халтирахгүй байх вэ, хэрхэн унаандаа багтах вэ, хэдэн цагт гарвал түгжрэлээс түрүүлж алхах вэ л гэж ухаанаа уралдуулж байна шүү дээ.
Бидний хот бол аль ч улиралд "УЛААН-БАРТААТ" билээ.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд бүх зүйл эсрэгээрээ. Явган хүний зам бол гэртээ хүрэхийн төлөө туулах ёстой там. Өвдөгөө нугалж, оцон шувуу шиг алхаад ч нэмэргүй. Түүгээр явснаас машин замын хашилгад хунгарласан цасан дээгүүр алхчихвал бүрэн бүтэн харьж мэдэх юм. Өглөөнөөс орой хүртэл ТҮК-ийн ажилчид шүүрнээсээ цас будруулан ажиллана. Тэгэвч хаа хаанаа хүрэхгүй. Бээрч, даарч, бөөвийж явсаар хаврын саруудтай бид "эсэн мэнд" золгоно вий.
Өнхөрч явсаар өнхрүүш биш "хүн болно" гэвэл зохилтой. Унаж сурсан бол бараг л их хотынхоо "унаган иргэн" мөн.
М.ДЭВЭЭЖАРГАЛ
Сэтгэгдэл (2)