УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.15/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгджээ.
34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагааны хүрээнд Парламентын номын сангаас ХБНГУ-ын Баден-Вюрттенбург муж улсын Залуу зохиолчдын хорооны тэргүүн, яруу найрагч Албрехт Күүний залуу зохиолчид, уншигчидтай хийх уулзалтыг зохион байгуулна. Уг арга хэмжээ Үндэсний номын сангийн уншлагын их танхимд болох юм.
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа маргааш /2023.09.16/ болно. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн нэрэмжит “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан” шагналаа гардуулна.
Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин очдог байна. Уншигчдын 88.4 хувь нь цаасан ном уншихыг илүүд үздэг бол нэг уншигч жилд дунджаар найман ном худалдаж авдаг гэсэн судалгаа байна.