Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хар бараан, гунигт түүхийг үлдээсэн цөмийн туршилтыг хамгийн анх 1945 оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Нью-Мексико мужийн Аламогордо дахь полигонд хийснээс хойш нэг сарын дараа Японы Нагасаки, Хирошима хоотуудад туршсан билээ. Энэ үеэс өнөөг хүртэл 2000 гаруй туршилт хийгджээ. Цөмийн туршилтын эхний өдрүүдэд агаар мандлын туршилтаас үүдэлтэй цөмийн уналтын аюул бүү хэл хүний амьдралд үзүүлэх хор хөнөөлийн талаар төдийлөн анхаарч үздэггүй байв. Цөмийн зэвсгийн туршилт, ялангуяа хяналттай нөхцөл байдал алдагдсан үед, хор хөнөөлтэй байдлын үүднээс цөмийн туршилтын аймшигтай, эмгэнэлтэй үр дагаврыг түүхийн олон гашуун үйл явдал харуулна.
Тэгвэл энэхүү хор хөнөөлт цөмийн зэвсэгтэй хэрхэн тэмцэх талаар улс орнууд санаа зовниж эхэлсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганаас 64/35 дугаар тогтоолыг санал нэгтэйгээр баталж, наймдугаар сарын 29-ний өдрийг Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр болгон зарласан юм.
Уг тогтоолд “Цөмийн туршилт нь хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хор хөнөөлтэй тул цөмийн туршилтыг зогсоохын тулд бүхий л хүчин чармайлт гаргах ёстой" гэж онцлон тэмдэглээд, "цөмийн туршилтыг зогсоох нь цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох зорилгодоо хүрэх гол арга замуудын нэг юм" гэжээ. Мөн цөмийн зэвсгийн дэлбэрэлт болон бусад цөмийн дэлбэрэлтийн үр дагаварыг зогсоох хэрэгцээний талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. 1991 оны наймдугаар сарын 29-нд Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хаасныг дурсах зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улс, олон тооны ивээн тэтгэгч, дэмжигчидтэй хамтран энэхүү тогтоолыг санаачилсан юм.
Хамгийн эхэлж, тогтоол батлагдсанаас хойш жилийн дараа 2010 онд Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг дэлхий даяар симпозиум, хурал, үзэсгэлэн, уралдаан тэмцээн, нийтлэл, лекц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.
Тэмдэглэж эхэлсэн цагаас хойш хоёр талт болон олон талт Засгийн газрын түвшний олон бүтээн байгуулалт, иргэний нийгмийн өргөн хүрээний хөдөлгөөнүүд цөмийн туршилтыг хориглох ажлыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж буй.
Их Британи, АНУ, ЗХУ-ын төлөөллүүд 1963 оны наймдугаар сарын 5-д цөмийн зэвсгийг сансар, усан доор, агаар мандалд туршихыг хориглосон "Partial Test Ban Treaty (PTBT)" гэрээг байгуулав. Энэхүү гэрээ нь цөмийн зэвсгийг хориглох анхны чухал хүчин чармайлт гэж тооцогддог.
Цөмийн зэвсгийн туршилтыг устгах гол механизм нь “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1996 оны есдүгээр сарын 10-нд баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 186 орон гэрээнд гарын үсэг зурж, 178 улс соёрхон батлаад байна. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд цөмийн томоохон хүчин чадалтай улс орнууд үүнийг соёрхон батлах ёстой бөгөөд энэхүү гэрээ нь хэзээ нэгэн цагт бүх цөмийн зэвсгийг устгана гэсэн НҮБ-ын итгэл найдвар юм. Тэр болтол дэлхий нийт энх тайван, аюулгүй байдлыг дэмжихийн төлөө ажиллаж байгаа тул цөмийн туршилтын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэх шаардлагатай байна.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай (Treaty on the non-proliferation of the nuclear weapons-1968) гэрээг Монгол Улс 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty-1996) гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ. Улмаар цөмийн зэвсэггүй статусаа тодорхойлон бататгасан дотоодын эрх зүйн акт гаргах шаардлага гарч ирж, 2000 онд Монгол Улсын Их Хурал Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 дүгээр тогтоолыг, 2015 онд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тогтоолыг баталсан.
Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон болжээ. Энэ талаар Icanw ("Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил" олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл) мэдээлэв.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг аравдугаар сард парламентын чуулганы үеэр “Энэхүү гэрээнд нэгдэх нь үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлыг хангана” хэмээсэн байдаг. Дэлхий нийтээр дайн дажингүй энх тайван, аюул заналхийллээс хол аж төрөхөд цөмийн зэвсгийг устгах, үл ашиглах нь эн тэргүүний чухал асуудал юм. Тиймээс эл өдрийг хүн бүр мэдэж, дуу хоолойгоо нэгтгэхийг НҮБ-аас уриалдаг юм.
Р.Батхишиг