Монголч болон манай улсын эрдэмтэд бидэнд уншиж судлах арвин их судалгааны бүтээл, туурвил үлдээсэн билээ.
Үүнийг залгамжлуулан авч явах учиртай нэр бүхий судлаач салбарынхаа нэр хүндийг олон улсад унагааж, эрдэм шинжилгээний ажлын ёс зүй, судлаач хүний ёс суртахууныг уландаа гишгэж буй хийгээд холбооны үйл ажиллагаа, нэр хүнд, зарим асуудлын талаар тус дэд ерөнхийлөгч Кристофер П.Этвүд илчлэн дуугарсан юм. Юмс дотроосоо ялзарч муудах нь жам. Атал чимээгүй явсаар байвал судалгаа шинжилгээний бүтээл, эрдэмтний хөлс хөдөлмөр үнэгүйдэж, хэн дуртай нь “судалгаа хийх амархан” гэж ярихад хүрнэ.
Монгол судлалын ач холбогдол бол ганцхан Монгол Улстай холбоотой зүйл бус. Хэл, соёлын дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэйн сацуу “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол тулгуур” хэмээн тодотгосоор ирсэн.
Монгол судлаач эрдэмтдийн 2016 оны хурлаар “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж монгол судлалын холбоо бол зөвхөн судлалын газар биш, дэлхийд буй бүхий л монголч эрдэмтэн болоод өөрсдийн орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих, мэдээллээр хангах төв” гэж үзсэн байна.
Гэтэл өдгөө олон улсын Монгол судлалын холбоо дотоод асуудлаа дорвитой зохицуулах нь битгий хэл, үг дуугарсныг албан тушаалаас авч хаядаг “чимээгүй байх хүсэлтэй” байгууллага болон хувирчээ гэж харам.
Хэдхэн хоногийн өмнө болсон Олон Улсын Монголч Эрдэмтний хурлаар Монгол Улсын төр “Монгол судлал”-ыг харж хандаж, тэргүүн зэрэгт анхаарж, дэмжинэ гэв. Өдгөө Монгол судлалын холбооны асуудалд төр, басхүү ард түмэн анхаарлаа хандуулах шаардлага тулгарчээ. Төр анхаарлаа хандууллаа гээд улс төржинө, төр нь даргаа сонгоно гэсэн ч үг бус, үйл ажиллагаа улам чамбайрч болох талтайг бодолцох хэрэгтэй мэт. Тэргүүлэх салбар гэж үзэх атал холбоо нь хагаралдаад байвал хөгжихөд бэрх биз ээ.
Дэд Ерөнхийлөгч Кристофер П.Этвүд үзэл бодлоо илэрхийлж, мэдэгдэл гаргасны дараа ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан С.Чулууны бүрэн эрхийн хугацаа дуусаж, Д.Заяабаатар олонхийн саналаар сонгогдоод буй гэх мэдээлэл бий. Энэ нь мөн олны дунд мэтгэлцээн дагуулаад буй.
Харин П.Этвүдийн оронд АНУ-ын түүхч, профессор Тимоти Мэй-г дэд Ерөнхийлөгчөөр сонгожээ. Гэтэл тэрбээр мэдэгдэлдээ, "Асуудлыг авч хэлэлцэхийн оронд шийтгэж, халсан нь OУМСХ-нд томоохон асуудлууд хуримтлагдсныг харуулж байна" хэмээн татгалзсан байна.
Мөн эрдмийн ёс зүй, эрх чөлөөний тухай, басхүү салбарын чухал асуудлыг хөндсөн гишүүдээ хөөж байгаа ийм холбооны гишүүн байж чадахгүй гэдгээ ч илэрхийлсэн байлаа.
Чухам хөгжүүлэх шаардлагатай бол олон улсын Монголч эрдэмтдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн эл холбоогоо “цэвэрлэх” болсныг бид харж байна.
Өдгөө үзэгдээд буй дүр зураг бол дэд Ерөнхийлөгч П.Этвүдийг халах, оронд нь сонгосон Тимоти Мэй эрдэмтэн тус суудлаас татгалзах хэмжээнд үнэ цэнээ алдсан гэсэн үг бус.
Харин албаас татгалзтлаа Монгол судлалын үнэ цэнийг ухамсарлаж, үүнд бүхий л амьдралаа зориулж буй эрдэмтдийн “санаа зовнил”, эрдэмтний эрх чөлөөг эрмэлзэн эрэлхийлсэн үйлдэл байв.
Тэд ч үүнийг мэдэгдэлдээ дурдсан юм. Хэрэв ийм байдлаар үргэлжилсээр байвал дорвитой өгүүлэл, эрдмийн бүтээл гарахгүй, асуудлуудтайгаа зууралдсаар Монгол судлал дэвшлийн бус уналтын үедээ ирж магадгүйг, хэдхэн улсын хүрээнд эргэлдэж, үзэл санаа нэвт ханхалсан бүтээлүүд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.
Удирдаж чадах нэгэнд нь жолоог атгуулж, урагшгүй нэгнийг энэ салбараас гар хөлөө татахад нь туслах хэрэгтэй ч юм шиг. Эцэст нь, хэлэлцэх асуудлын цар хүрээ томрох тусам тулсан асуудлаа харж чаддаггүй нь "монгол"-ын зан гэхэд хилсдэхгүй.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (7)