Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирсэн мэдээгээр 2023 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд цэцэглэлтээс сүүн бололтын үе шатанд байгаа бол төмсөнд ихэнх нутагт цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд явагдаж байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй, 57-119 см байна.
Газар тариалан бүхий нутгуудад 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур болон хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. (http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month) Харин 9 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджаас дулаан, хур тунадас бага орохоор байна. (http://www.tsag-agaar.gov.mn/uploads/2023_IX-XI.pdf)
8 дугаар сарын сүүлчээр болон 9 дүгээр сарын эхээр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах нь зүйтэй. Энэ жил газар тариалангийн нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон. 5 дугаар сард ихэнх нутгаар дунджаас хүйтэн байсан ч 6 болон 7 дугаар сард дунджийн орчим буюу түүнээс дулаан байсан нь таримал ургамлын өсөлт, хөгжилтөнд тайтай байсан.
Ихэнх нутгаар таримал ургамлын ургалт хэвийн явагдаж байгаа тул ургац хураах үед хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээс хамгаалах арга хэмжээг хугацаа алдалгүй авах шаардлагатай.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, Утас-32152