Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний Бүрэн Монгол ТББ”-аас хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол гэр” төсөл 20 дахь аймагтаа хэрэгжлээ.
Манай улс олимпын анхны аваргатай болсон энэ өдөр Дундговь аймгийн Мандалговь сумын залуу хос О.Алтан-Арилд, Б.Дашмаа нарт зургаан ханат, иж бүрэн тавилгатай өргөө гэр гардуулав. Тэд гэр бүл болоод зургаан жил болсон бөгөөд А.Өүлэн, А.Мөнхжин гэх хоёр охинтой.
О.Алтан-Арилд нь Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрж өссөн. 2018 онд Үндэсний Техникийн Их Сургуулийг цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр төгсөж ирээд Дундговь аймгийн Цахилгаан Түгээх Сүлжээ Станцад өдгөө зургаа дахь жилдээ ажиллаж буй түүний хувьд анх дуудлагын монтёр хийж байгаад тушаал дэвшиж шуурхай дуудлага засварын монтёроор ажиллаж байна.
Тэрбээр аливаа зүйлийг хамгийн багаас нь хийж ахиж дэвшихийг илүүд үздэг. Цаашид энэ эрчээ алдалгүй сайн ажиллаж залуу боловсон хүчнийхээ хувьд нутаг орныхоо хөгжилд улам бүр хувь нэмрээ оруулна хэмээн ярьж байлаа.
Гэргий Б.Дашмаа нь мөн Баянжаргалан суманд төрж өссөн бөгөөд тэд нэг ангид сурдаг байжээ. Б.Дашмаа хуульч мэргэжилтэй. Одоогоор хоёр хүүхдээ харахын хажуугаар цахим дэлгүүр, маникюр үйлчилгээ үзүүлдэг аж. Түүний хувьд хүүхдүүдээ харж өсгөх нь эцэг эхчүүдийн үүрэг учир мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй хүүхдүүддээ сайн анхаарч, хүссэн ажлаа хийхийг хичээдэг гэв.
Хамаатныхаа хашаанд амьдардаг залуус ийнхүү өрх тусгаарлан бүрэн сайхан гэртэй болсондоо баярлахын ялдамд "Бүрэн Монгол" төслийн баг болон энэхүү төсөлд хамтран оролцож байгаа нийт хүмүүст талархал илэрхийллээ.
"Бүрэн Монгол" төсөл нь зөвхөн гэр олгоод зогсохгүй тухайн айл өрхөд нэн шаардлагатай бүхий л асуудлыг шийдвэрлэж, сум орон нутгийн удирдлага, албан газрууд, хувь хүмүүстэй хамтарч олон ажлыг хийж гүйцэлдүүлэн бодит дэмжлэг үзүүлдэг билээ.
Тэгвэл Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг болон бусад албаны хүмүүс гэр гардуулах ёслолын ажиллагаанд оролцохдоо О.Алтан-Арилдын гэр барих газар, хашаа дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж өгөхөө мэдэгдэв.
Мөн уг төсөл ХНХЯ-тай хамтарч залууст ажлын байр олгож, өрхийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлдэг энэ хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас О.Алтан-Арилдынхыг өрх дэмжих төсөлд хамруулж, эхнэрийнх нь ажил үйлчилгээ явуулах байрны түрээсэнд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Ийнхүү дуу хуурын өлгий Дундговь аймагт энэ бэлгэт сайн өдөр "Бүрэн Монгол гэр" төсөл амжилттай хэрэгжиж, нутгийн олон найрсаг дотноор угтан авч, ашдын ерөөлөө айлдан үдсэнээр "Бүрэн Монгол" багийнхан төслийн сүүлийн аймаг Өмнөговийг зорилоо.