Өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар тулгуурууд унаж, аваарын нөхцөл байдал үүсээд байна.
Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүссэн тухайн гэмтлийг засварлахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь ажиллаж байгаа аж. Тус сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас дөрөв, Улаанбаатар салбараас нэг бригад тус тус ажиллаж байгаа юм.
Энэхүү гэмтлээс үүдэж, 45,320 айл өрх, 5,256 аж ахуйн нэгж, долоон аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болжээ. Сэргээн босгох ажлыг гурав хоногийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.