Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, натурын гүүрний хажууд баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх асуудлаар мэдээлэлэл өглөө. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах дарга Б.Оюутболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21,29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр наймдугаар сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас иргэд үерт автаж, хүний амь нас эрсэдсэн. Дуудлага ирсний дагуу тухайн үер болсон бүсэд ажилласан. Очиж ажиллахад үерт автсан айл өрхүүд гэр орноо орхиод, үерээс дайжсан. Мөн жолоочид машинаа орхиод явчихсан байдалтай байсан.
- Наймдугаар сарын 5-ны өдөр хоёр иргэн тогонд цохиулсан байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Нас барсан үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон.
- Хоёр дахь дуудлага мэдээлэл нь наймдугаар сарын 5-ны өдөр 22:46 цагийн үед арван сартай хүүхэд нь алга болсон, хоёр иргэний ухаан санаа орон гаран байна гэх мэдээлэл ГССҮТ-өөс ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийн үерт өртсөн цэгийг тодорхойлсон. Ингээд тээврийн хэрэгслийг шөнийн 01:00 цагийн үед олсон. Хүүхэд урссан байж болох цэгүүдэд онцгой, цагдаагийн байгууллага самналт хийсэн. Самналт хийгээд 03:00 цагийн орчимд 10 сартай хүүхдийн цогцсыг олсон.
- Цагдаагийн байгууллага дээр ирсэн гурав дахь дуудлага нь наймдугаар сарын 6-ны өдрийн 03:00 цагийн үед Дарь эхийн ....тоотод хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 наснй хүүхдийн цогцос байна гэх мэдээллийг албан хаагч ирүүлсэн. Тухайн цогцсыг 30-40 насны эрэгтэй хүн байна гэж тодорхойлсон. Хэн болохыг нь мэдэхийн тулд гарын дардсаар тодорхойлж үзэхэд 1979 онд төрсөн, 44 настай, иргэн Т гэж хүний цогцос болох нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагад ирсэн гурван дуудлага мэдээллээр дөрвөн хүн нас барсан. Үүнийг хариуцлагатайгаар хэвлэл мэдээлэл болон иргэдэд зарласан. Бүгд гаднын ямар нэг нөлөөгүй, үерийн усанд амьсгал боогдож буюу үерийн улмаас нас барсан байсан. Иргэн Т-ийн дөрвөн хүүхэдтэй уулзаж, нийгмийн халамж үзүүлэх чиглэлээр ярилцсан" гэв.
Д.Батчулуун