Улаанбаатар хотод долоодугаар сараас хойш хоёр удаа үер болсон. Үерийн үеэр нийслэлийн удирдлагууд хэрхэн ажилласан талаар иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Р.Батмөнх:Монгол Улс үерт автсан айл өрхүүдэд газар зааж өгөх хэмжээний нөөцтэй байгаа нь баярлууштай
-Үер бол байгалийн гамшигт, аюултай үзэгдэл. Би өөрөө өмнө нь үерийн нөхцөлд ажиллаж байсан. Гал түймэр, үер ус гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл гэдэг бол маш хэцүү. Наймдугаар сарын эхээр болсон уруйн үер бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Иргэд орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч, олон автомашин үерт урсан, эрдэнэт хүний амь хүртэл эрсэдлээ. Нийслэлийн удирдлагууд үерийн голомтод сайн ажилласан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар амиа алдсан иргэдийн гэр бүлд орон сууц өгч, гэр оронгүй болсон иргэдэд буух газар заан, гэр өгч байна. Монгол Улс үерт автсан айл өрхүүдэд газар зааж өгөх хэмжээний нөөцтэй байгаа нь баярлууштай. Монголчууд бид эвтэй байх хэрэгтэй. Албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг ийм амаргүй үед халж, сольж болохгүй. Ажлаа хийснийх нь дараа дүгнэх нь зүйтэй. Үргэлж солих асуудал яриад байвал хариуцлага байхгүй болно гэсэн үг хэмээв.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.Уранжаргал: Нийслэлийн удирдлагууд хийгээд үерийн үеэр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлье
-Би Улаанбаатар хотод 23 жил амьдарч байна. Энэ хугацаанд анх удаа төрийн байгууллагын удирдлагуудыг асуудлыг хурдан, шуурхай шийдэж, хамтарч ажиллаж байгаа тохиолдлыг долоодугаар сард болсон үерийн үеэр харсан. Мөн анх удаа үерт өртөж үзлээ. Үнэхээр хор хөнөөл ихтэй байдаг юм байна.
Манайх “Апартмент 145” гэх гурван блок орон сууцны нэгэнд нь байдаг. Гурван байр маань хоёр гарааштай, үерийн үеэр гараашнууд усаар дүүрсэн. Гараашинд үүссэн усыг соруулах, лаг шавар, хогийг цэвэрлэхэд нийслэлийн удирдлага, харьяа байгууллага, иргэд хамтран ажиллаж, оршин суугчид идэвх, санаачилгатай байлаа. Нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллахад хариу хурдан, шуурхай ирж байсан. Үерийн улмаас хохирсон иргэдийн үнэлгээг СӨХ хийгээд нийслэлд өгсөн байгаа. Үүнийг хурдан, шуурхай шийднэ гэдэгт найдаж байна. Эцэст нь нийт оршин суугчдынхаа өмнөөс нийслэлийн удирдлагууд хийгээд үерийн үеэр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлье гэв.
Сэтгэгдэл (6)