Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал салбар хэлэлцүүлгүүдээрээ үргэлжилж байна. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн их хуралд нийт 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлж байгаа юм. Тус хурлын III салбар хэлэлцүүлэг “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” сэдвээр МУИС-ийн Төв номын санд хоёр дахь өдрөө үргэлжилж, АНУ, ХБНГУ, ОХУ, Япон, Монгол зэрэг орны эрдэмтэн, судаачид өөрсдийн илтгэлийг танилцуулсан юм.
Энэ үеэр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь улс төр, эрх зүйн шинэтгэл” (1992 оноос хойш) сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр Ардчилсан шинэ Үндсэн Хууль ба Төрийн тогтолцооны шинэтгэл, Эрх зүйн шинэтгэлийн үйл явц, Улс төрийн нам, Иргэний нийгмийн байгууллагын төлөвшил болон Сонгуулийн тогтолцооны шинэчлэл гэсэн үндсэн 4 агуулгаар судалгаа, санал, дүгнэлтээ танилцуулав. Илтгэлийнхээ эхэнд, Ардчилсан шинэ Үндсэн хууль нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулсан бөгөөд төрийн эрх мэдлийг хуваарилж, Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосноороо онцлог гэдгийг тодотголоо. Түүнчлэн, эрх зүйн шинэтгэлийн үйл явцын үндсэн чиглэлүүд, дэвшүүлсэн зорилтуудыг тоймлож, тэдгээрийг улс төрийн тогтолцооны өөрчлөлт болон нийгэм, цаг үеийн хэрэгцээнд тулгуурлан тайлбарласан юм.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Ардчилсан шинэ Үндсэн хууль нь улс төр эрх зүйн зөвшилцлийн баримт бичиг, төр иргэдийн хооронд байгуулсан нийгмийн гэрээ болж чадсаныг цохон тэмдэглээд эрх зүйн шинэтгэлийн үйл явц улс орны хөгжил, хүний эрхэд суурилан цаашид ч улам гүнзгийрэх учиртайг дурдлаа.
Үргэлжлүүлэн, улс төрийн намууд ардчилсан үзэл дээр зөв төлөвшихгүйгээр, эрх зүйн орчныг нь сайжруулахгүйгээр улс орны хөгжил дэвшил, авлига хүнд суртлаас ангид байх, төрийн байгуулал, иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулах нөхцөл бүрдэхгүйг сүүлийн 30 жилийн хугацааны сорилт, сургамж харууллаа хэмээн илтгэлээрээ дүгнэсэн юм.