Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан: мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн онцгой комисс тусгай горимд шилжин, өргөн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Бид үерийн нөхцөл байдлын улмаас үүссэн лаг шаварыг цэвэрлэх, тээвэрлэх, замыг чөлөөтэй болгох асуудлуудыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн онцгой комисс, Баянзүрх дүүргийн онцгой комисс зэрэг мэргэжлийн албан хаагчид 3370 орчим албан хаагч өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулаад, лаг шавар цэвэрлэх, гэрэлтүүлэг тавих, цахилгаан холбох ажлыг хийж гүйцэтгээд байна.
Үерийн нөхцөл байдлын дараа Монелийн зам дагуу 2 метр орчим өндөртэй лаг шавар, уулын хайрга дайрга бууж ирсэн. 12 мянган тонн лаг шаврыг цэвэрлэсэн.
Мөн авто зам эвдэрсэн. Энэ замд 8 мянга орчим хайрга дайргыг ачиж авчирч аюулгүй байдлыг хангуулсан. Үерийн далан суваг дээд хэсэгтээ бөглөрсөн. Ялангуяа суваг нь доошоо урсах боломжгүй нөхцөл байдлаас үер үүссэн. Иймд албаны хүмүүс 530 орчим метрийн сувагчлалыг татсан.
Үерийн үед халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Таван удаагийн ариутгалыг энэ бүсэд зохион байгуулсан. Нэг сая орчим мкв-ийг ариутгасан. Дахин ариутгалын ажил явах ёстой" гэв.