Нисэх загварын спортын жолоодлогот загварын Дэлхийн цомын тэмцээн, нисэх загварын спортын дасгалжуулагч Д.Занабазарын нэрэмжит дэлхийн цомын тэмцээн Монгол Улсад наймдугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Нисэх загварын спортын Дэлхийн цомын тэмцээнүүдийн Уран нислэгийн F2B ангилалд БНХАУ-аас хамгийн олон буюу тив, дэлхийн тэмцээнүүдийн медальт, шилдэг 12 тамирчин хүрэлцэн ирж оролцож буй юм. Тэмцээнд Монгол, Хятад, Япон улсын 40-өөд тамирчин оролцож байгаа ба хамгийн отгон нь БНХАУ-ын тамирчин найман настай хүү, ахмад нь Япон улсын тамирчин 75 настай Атаэ Ямасаки аж.
Наймдугаар сарын 9-10-ны өдөр нисэх загварын спортын жолоодлогот загварын Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөсөн ба зургаан дэд ангилал бүхий энэ тэмцээнд БНХАУ-ын хоёр, Монгол Улсын дөрвөн тамирчин тэргүүн байр эзэлжээ.
"Өнөөдөр нэг өдөр завсарлаад наймдугаар сарын 12-нд нисэх загварын спортын дасгалжуулагч Д.Занабазарын нэрэмжит дэлхийн цомын тэмцээн эхэлнэ. Монголд нисэх загварын спортууд клубууд үйл ажиллагаа явуулдаг. Нисэх загварын спортоор аль ч насныхан хичээллэж болно" гэж энэ тэмцээний Ерөнхий шүүгч, Олон улсын хэмжээний мастер Ж.Баттөгс ярив.
Тэмцээн Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн зүүн урд буюу “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын талбайд зохион байгуулагдаж байна.