Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Хүмүүсийн хийж буй үйлдэл, дараагийн хүнээ ч адил үйлдэл хийхэд хүргэдэг. Жишээлбэл, хэн нэгний гишгэсэн сандал дээр та гишгэхээс өөр аргагүй гэсэн үг. Элэг бөөрөндөө олон янзын сүг зурагтай, сандал дээрээ гутлын мөртэй бидний сүүдрэвчүүд. Суух ёстой газраа бус түших ёстой хашлагаа сандайлан "хээв нэг" суух үзэгдэл хот, хөдөөгүй дасал болсон гэмээр зүйл.
Бид амьдралд байж болох хамгийн энгийн дүрмүүдийг зөрчсөөр иржээ. Цаашдаа ч зөрчих байх.
Үүнийг ямар нэг зүйл рүү мацаж байж тайвширдаг, зорилгодоо хүрэх сэтгэл ханамж гээд нэрлэчихвэл болох ч юм шиг. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна гэх боловч саравчин доорх иргэншил хэзээ ч өөрчлөгдөхгүй байж мэднэ.
Сагсуу шүү дээ. Онгирч яваад л нэг мэдэхэд "саранд тэмүүлчихсэн" байна. Анзаарч харвал, найзууд эсхүл сүргээрээ явж байгаа хүмүүс л хашилт руу тэмүүлдэг. Ганцаар хүмүүс өлөн тоостой буланг олоод шигдээд суучихсан байдаг. Гэхдээ олуулаа бол сонголт байхгүй л дээ. Учир нь хэн нэгний жижиг, том гутлын мөрнүүд дурайж байгаа. Арчаад сууж чадахгүйгээс хойш эртний хүмүүсийн араас сарыг зорих хэрэгтэй. Буруутгах аргагүй.
Энэ хотын бүх саравчийг угаагаад дахин шинээр эхлээд үзвэл яах бол, хүмүүс зөвхөн сандал дээрээ суух болов уу. Эсвэл "нэг нөхөр" түмний хүүхдийг улаараа даллан дуудаж, уриалсаар байх болов уу?..
Булан эргээд л, он оны нар салхинд онгож гандсан, хүн хүний гутлын дор элэгдэж хуучирсан саравчнууд таарсаар л байна. Хаа нэг шинэ сүүдрэвч таарвал "сарампай болно доо, хөөрхий" гэсэн шүү юм бодсоор зөрж өнгөрнө. Архичдыг дийлэхгүй ч эрүүл ухаантай хүнийг, хүн дийлэх биз. Бид хувьсан өөрчлөгдөхгүй бол амьдран буй нийгмийн хувирал биднийг хүлээхгүй.
М.Дэвээ