Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалын үеэр Засгийн газар хооронд "Агаарын тээврийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд МИАТ ТӨХК холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай "Боинг 787" нисэх онгоцыг АНУ-аас хамгийн бага үнээр худалдан авахаар болсон. Тэгвэл тус онгоцыг өнөөдөр хүлээн авч байгаа билээ.
Иймд уншигч та бүхэнд тус "Боинг 787" нисэх онгоцын тухай таван баримтыг хүргэж байна.
БАРИМТ 1.
МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлгийг өнөөдөр хүлээн авав.
БАРИМТ 2.
В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14,000 километр буухгүй нисэх техникийн боломжтой, 315 зорчигчийн суудалтай. Эдгээрээс 16 нь бизнес, 21 нь премиум, 276 энгийн суудал юм. Тэгвэл МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалжээ.
БАРИМТ 3.
Тус агаарын хөлгийг В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 хувиар бага, нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй, техник эдийн засгийн үр ашигтай.
БАРИМТ 4.
Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгасан нь зорчигчдод илүү тав тухтай аж.
БАРИМТ 5.
2019 оны зургаадугаар сарын байдлаар дэлхийн зах зээлд 72 улсад 1,441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 ширхэг В787 маягийн агаарын хөлөг олон улсад нислэг үйлдэж байгаа юм. Анх 2011 онд агаарын зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хойш нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан.
МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Дашрамд, AerCap нь 2023 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 1,700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм.