Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний 16 тохиолдол илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн гамшгийн дараах үр дагаврыг арилгахаар онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, эрүүл мэнд, тохижилт үйлчилгээ, цахилгаан түгээх зэрэг 23 байгууллагын 1100 орчим алба хаагч 4 өдөр дараалан ажиллаж байгаа.
НОК-ын Шуурхай штабаас үерийн голомтод байгаа айл өрхийн хашаа, ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг өдөрт хоёр удаа ариутган, халдваргүйжүүлж байгаа. Одоогоор 50 мянган ам метр гудамж талбай, 205 айл өрхийг ариутган, халдваргүйжүүлжээ. Иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд ариутгал хийхдээ хлорын суурьтай шахмал бодисыг зохих тун, хэмжээгээр нь усанд найруулж, халдваргүйжүүлэх боломжтой юм.