Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрсөн сарын нэгнээс эхлэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж байна.
Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тус компани Сөүл хотноо Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож, “Welcome to Mongolia” үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэхэд чухал үр дүнтэйг ЗТХЯ мэдээлэв.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.