Баянзүрх дүүргийн 13-р хорооллын нутаг дэвсгэр Натурт буун дуу гарсан гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Одонбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр 13-р хорооллын нутаг дэвсгэрт зэвсэгтэй этгээд иргэн У-гийн биед мэсээр халдаж, гэмтээсэн гэх дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиж ажилласан. Цагдаагийн тавьсан шаардлага биелүүлээгүй. Цагдаагийн алба хаагчид хоёр цаг гаруй ажилласан. Гартаа гурван төрлийн хутга барьсан иргэн ноцтой гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зайлах, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр дэх 13-р хорооллын иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж мэдэхээр байсан тул Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэн хангалттай үндэслэл болсон гэж үзэж байна.
Цагдаагийнхан албадлага хэрэглэж, дайчлан баривчилсан. Тухайлбал, албан хаагч резин сумтай буу хэрэглэсэн. Иргэд 3-4 удаа буун дуу гарлаа гэж бичсэн нь цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэнтэй холбоотой.
Гэмт этгээд 2002-2021 онд таван удаа ял шийтгүүлж байсан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх хэргээр шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)